Өнөөдөр байгууллага бүр өөрийн “системийг” бий болгож хөгжүүлж сурах цаг болсон

Хүний биеэ авч явах, аливаа үйлдэл хийх, шийдвэр гаргах зэрэг нь түүний ажиллаж, амьдарч буй орчноос буюу “системээс” маш их шалтгаалдаг болохыг шинжлэх ухаан эрт дээр олж тогтоожээ. “Хувийн зан араншингийн хувьд өөр хоорондоо ялгаатай хүмүүсийг нэг системд байршуулахаар ижил үйлдэл хийх хандлагатай байдаг”  (Senge, 1994). “Байгаа бүтэц нь хувь хүний үйлдлийг тодорхойлоход ихээхэн нөлөөтэй байдаг” тул байгууллагад тулгарч буй чухал асуудлуудыг авч үзэхдээ “хувь хүний алдаа, эсвэл аз тохиогоогүй” гэх өнцгөөс үзэхээсээ илүү системтэй уялдуулж шинжилж байх нь зүйтэй гэдэг байна (Senge, 1994). Энэ юу гэсэн үг вэ гэвэл ямар горимын дагуу ажил үүргийг хийж гүйцэтгэж буйг л авч үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Жишээн дээр тайлбарлавал хэрэв байгууллага дотор хулгай дэлгэрээд байгаа бол ямар ч хүн ажилд орвол яваандаа хулгай хийх магадлалтай л болно гэсэн үг юм. Иймээс хулгайчийг олж шийтгэх нь чухал боловч харин ажил хийж буй аргачлал, ажлын процессийг өөрчилж шинэчлэх нь илүү үр дүнтэй л гэсэн санаа юм.

1972 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн сэтгэл зүйн ангийн багш нар судалгааны  зорилгоор тус сургуулийн подвалд хиймэл шорон байгуулж сайн дурын үндсэн дээр сонгож авсан  оюутнуудыг хоёр хуваан нэг хэсгийг нь шоронгийн харгалзагчийн үүрэг гүйцэтгүүлэхээр болж, харин нөгөө хэсгийг нь ял эдлэгч болгосон туршилт хийсэн юм. Тэгэхэд урьд нь хоорондоо эелдгээр харилцаж байсан оюутнууд өөр хоорондоо зөрчилдөж эхэлсэн төдийгүй удалгүй зөрчил нь хурцдаж хяналтаас гарсан гэдэг. Хоригдлуудын үүрэг гүйцэтгэсэн энгийн оюутнууд гэмт этгээдийн шинж чанартай үйлдлүүдыг хийх болсон бол харгалзагчийн үүрэг гүйцэтгэсэн оюутнууд маш хэрцгий хэлбэрээр цагдах хандлагатай болж ирсэн. Иймээс туршилтыг яаралтай зогсоосон байна. (Senge, 1994). Энэ туршилт нь систем хүний үйлдэлд ямар их нөлөөтэй болохыг маш тодорхой харуулсан юм.

Хүний үйлдэл нь системээс ихээхэн шалтгаалдаг болохыг монголчууд эрт дээр үеэс сайн мэддэг байсныг “Доголонгийн газар доголон, сохорын газар сохор яв”, эсвэл “Усыг нь уувал ёсыг нь дага” гэх зэрэг зүйр цэцэн үгнээс харж болох юм.

Энэ хэсгийг дүгнэн хэлэхэд, монгол хүнийг зөв системд оруулснаар ямар гайхалтай үр дүнд хүрч болдгийг японы сумо бөхөөр барилдаж буй монголчууд гялалзтал харууллаа. Иймээс өнөөдөр байгууллага тус бүр өөрийн системийг бий болгож зөв хөгжүүлж сурах цаг болсон байна. Харин системийн салашгүй нэг хэсэг бол тухайн системийг илэрхийлэх соёл гэдэг.

Advertisements