Шийдвэр гаргах

Мэдээллийн боловсруулалт буюу суралцах явц

“Мэргэжлийн мэдлэг” лекцийн хэсгээс

“… Ингэхээр хүн өөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг тогтмол ахиулж энгийнээс нарийн болгож байх хэрэгтэй юм.

Японы компаниудын хувьд мэдлэгийг ахиулах нь зүгээр нэг шинэ мэдээлэлийг тусган авч шингээхтэй холбоотой бус гэж үздэг байна. Энэ харин ихэвчлэн далд мэдлэгийг олж авахтай холбоотой гэж үздэг бол тэр нь голдуу ажилчдын зөн совин дээр тулгуурлан олж авсан мэдлэг байдаг гэж тайлбарладаг байна. Ийм маягаар мэдлэг олж авахад тухайн ажилтаны компанийнхаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тууштай ажиллагаа чухал гэдэг байна.

John Dewey

Гэтэл мэдлэгийг энгийнээс нарийн болгохын тулд боловсруулалт хэрэгтэй болно. Мэдээллийн боловсруулалт нь хоёр үе шаттай явагддаг гэж хэлж болох юм. Анхан шатны боловсруулалт гэж шинээр олж авсан мэдээллийг ой санамжинд буй өмнөх мэдээлэлтэй харьцуулалт хийж шинжилэхийг хэлдэг. Учир нь хүний танин мэдэхүйн явц нь шинээр олж авсан мэдээллийг ой санамжинд байгаа хуучин мэдээлэлтэй харьцуулах байдлаар явагддаг юм. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар бол мэдээллийг хир их илүү гүн боловсруулна тэр хирээр шинэ мэдээлэл нь өмнө байсан мэдээлэлтэй илүү сайн уялдан холбогдож илүү найдвартай байдлаар ой санамжинд хуримтлагддаг тул хожим тэр мэдээлэл хэрэг болоход хүн хавь илүү хялбар санадаг байна. Туршлагаар олж авсан мэдээллийг ийм маягийн боловсруулахыг туршлага хуримтлуулах замаар мэдлэг олж авах гэдэг. Ийм учраас америкийн нэрт сэтгэл судлаач Жон Дэвий “мэдлэг гэж туршлагыг тасралтгүй олж авахыг хэлэх тул энэ явцын болон мэдлэг бий болгохын зорилго нь нэг юм” гэж хэлсэн байдаг (Dewey, 1897).

Harry Harlow

Үнэхээр ч шинэ мэдлэг олж авах гэдэг нь ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх явцад бий болсон туршлагаас улбаатай байдаг гэдэг эртний тогтоогдсон байдаг. Энэ талаар америкийн нэрт сэтгэл зүйч Харлоу-гийн хэлснээр бол хэрэв хүн өөрт тулгарсан нэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хангалттай цаг зарцуулж асуудлын мөн чанарыг ойлгоогүй бол дараагийн асуудал тулгарахад өмнөх асуудлаас олж авсан сургамжийг ашиглах боломжгүй гэсэн аж (Harlow, 1959). Иймээс өмнөх асуудлыг шийдвэрлэх зорилгоор хангалттай цаг зарцуулж зохистой хэмжээний хүчин яармайлтыг заавал гаргаж байх хэрэгтэй. Ингэсэн цаг туршлага гэх зүйл нь хуримтлагдаж байдаг байна. Энэ хүчин чармайлтыг гаргах зорилгоор зарцуулж буй цагийг суралцах явц ч гэдэг байна.

Тэгэхээр анхан шатны мэдлэг олж авах бол нэг асуудал. Харин мэдлэгийг илүү нарийн болгож үнэ цэнэтэй болгох нь өөр асуудал юм. Учир нь энэ тохиолдолд өөр аргаар суралцах явдал хэрэгтэй болдог байна. Суралцана гэдэг нь зөвхөн туршалгаас мэдлэг олж авахыг бас хэлэхгүй байна. Мэдлэгийг нарийн болгох зорилгоор суралцах нь гэдэг нь ердөө “өөрт буй алдааг олж таних ба түүнийг засах” тухайд юм (Argyris, 2002). Энэ нь харин үнэ цэнэтэй мэдлэгийг бий болгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Жишээлбэл, ажил дээр хэн хамгийн сайн суралцдаг вэ гэвэл? Мэдээж алдаа гаргаж түүнийгээ залруулж чадсан хүмүүс бодитоор суралцсан байдаг. Учир нь алдаа гаргаж түүнийгээ засаж чадсан хүн зуршил болсон үйлдлээсээ салж, өөр шинэ хэв маягаар ажиллаж эхэлдэг байна. Үүний цаад утга нь хэвшмэл сэтгэлгээнээсээ салж чадсан гэсэн үг юм. Ийм маягаар суралцахыг double-loop learning гэж Харвардын их сургуулийн профессор ба нэрт эрдэмтэн Chris Argyris тодорхойлсон байдаг. Энэ нь үндсэндээ эргэцүүлэн тунгаах чадвар юм. Хүн яагаад асуудлыг шийдвэрлэх маягаар суралцаж чадаад харин эргэцүүлэн тунгаах байдлаар суралцдаггүй вэ гэвэл хүний далд тархины зуршил болсон үйл ажиллагааг өөрчлөхөд хэцүү байдагтай л холбоотой юм. Double-loop learning гэдэг нь ажил хийх хэвшмэл сэтгэлгээнээс салах тухайд юм. Учир нь бодож сэтгэх аргачлалыг өөрчлөх тухай юм. Ийм хоёр аргачлалаар мэдлэгийг боловсруулж байвал мэдлэг нарийн болж илүү үнэ цэнэтэй болдог байна …”

Үнэндээ бол Монголчуудыг суралцахгүй байна гэж японы эрдэмтэн Кимура Аякогийн шүүмжлээд байгаа нь дээр дурдсан хоёр боловсруулалт явагдахгүй байгааг л хэлээд байгаа юм.

Advertisements