Өрсөлдөх чадвар

“Ажлаа хийж чадахгүй байгаа бол туршлага дутмаг бус мэдлэг байхгүйгийн л шинж”

“Хүний үнэ цэнэ” лекцийн хэсгээс:

“… Мэдлэгийн ач холбогдол нь хувь хүний хувьд тулгарсан асуудлын талаар шийдвэр гаргахтай уялдаж илэрч байдагт мэдлэгийн онцлог байдаг. Энэ тухайд эртний японы алдарт тулааны мастер Такеда Шингэн ингэж хэлсэн байдаг: “Мэдлэг бол хүч биш зөвхөн боломж. Мэдлэгийг ашиглаваас хүч болно. Харин тэр мэдлэгийг хэзээ болон ямар учраас ашиглахыг ойлгох юм бол билэг ухаан” (@Такеда Шингэн).

Такеда Шингэн, 1521 – 1573

Энэ үгийг ийм нэг жишээн дээр тайлбарлаж хялбар болох байх. Байгууллагын тогтвортой хөгжил дэвшлийг хангахын тулд үйл ажиллагаанд нь гарч байгаа алдаа, дутагдлыг мэргэжлийн түвшинд засч залруулж чаддаг байх хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг. Гэтэл алдаа дутагдлыг засч залруулахад мэдлэг хамгийн чухал үүрэгтэй байх нь тодорхой. Иймээс мэргэжлийн мэдлэг бол байгууллагын хөгжил дэвшлийг бүрдүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйл гэхээс өөр аргагүй юм. Нэг үгээр бол байгууллагын үйл ажиллагаанд илрэч байгаа алдаа дутагдлыг засч залруулах зорилгоор мэдлэгийг ашиглаж чадаж байвал ийм байгууллагын үйл ажиллагаа нь тогтвортой байх төдийгүй өрсөлдөөнд ч тэргүүлэх нь гарцаагүй магадлалтай болж ирдэг байна. Такеда Шингэний хэлсэн үгийн утга нь үүнд л байгаа юм.

Тэгвэл байгууллагын үйл ажиллагаанд хэрэгтэй мэдлэгийг эрдэмтэд дараах байдлаар ангилдаг байна.

Байгууллагын үйл ажиллагаанд шаардагддаг мэдлэгийн чиглэлүүд

  1. Хүний нөөцийн удирдлага
  2. Хөгжлийн стратеги
  3. Системийн албажуулалт
  4. Хэрэглэгчид ба зах зээл
  5. Бүтээгдэхүүн ба түүний хөгжил
  6. Үйл ажиллагааны сайжруулалт

Эдгээр зургаан чиглэлээр байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж чадах юм бол үйл ажиллагаа нь тогтвортой болж хөгжил дэвшил гарч эхэлдэг байна. Мэдээж эдгээр чиглэлийн мэдлэг нь зүгээр нэг тоо баримт, мэдээ хуримтлуулах замаар бий болсон танин мэдэхүйн чанартай мэдлэг бус харин мэргэжлийн байх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл хүн дээрх сэдвээр энгийн өнгөцхөн бус харин нарийн мэдлэгтэй байж аж оновчтой шийдвэр гаргаж чаддаг болно. Иймээс хүний мэдлэг нарийн байх тусам үнэ цэнэтэй болох нь тодорхой.

Эрдэмтэд мэдлэгийн түвшинг наад зах нь дөрвөн шатлалтайгаар ангиладаг байна.

  1. “Харанхуй” – мэргэжлийн мэдлэг маш нимгэн буюу бараг огт байхгүй: энэ тохиолдолд ажлыг ихэвчлэн бусдаар гүйцэтгүүлэх шаардлагатай болдог;
  2. “Саарал” – асуудлын талаарх ойлголт байгаа ч асуудлыг шийдвэрлэхэд үзүүлэх нөлөө нь бага;
  3. “Цагаан” – харьцангүй өргөн хэмжээний мэдлэгтэй асуудлыг шийдвэрлэж сайжруулалт хийх чадвартай;
  4. “Нээлттэй” – асуудлыг шийдвэрлэхэд нэмэр болох шинэ хувилбаруудыг гаргах чадвар бүхий нарийн мэдлэгтэй;

Мэдлэг харанхуйгаас гэгээтэй болох хирээр нарийсч байдаг гэж үздэг байна

Хэдийгээр мэдлэгийн түвшинг эрдэмтэд хэд хэдэн янзаар ангилдаг ч агуулгын хувьд тэдгээр нь ойролцоо юм. Хэрэв хамгийн доод түвшинд харанхуй мунхаг байдал байдаг бол дараагийн шатанд ойлголт авсан буюу танин мэдэхүйн түвшины ойлголт болдог байна. Харин шат ахих хирээр танин мэдэхүйн ойлголт нь мэдлэг болж хувирна. Нэгэнт олж авсан мэдлэгийг лавшруулвал энэ нь энгийнээс нарийн болж илүү үнэ цэнэтэй болдог байна.

Нарийн мэдлэгийн хамгийн тод жишээ бол япончуудын катана сэлэм урлах мэдлэг юм. Катана сэлэмийг хэмжээ болон физик бүтцийг ямар нэгэн алдаагүйгээр ягштал дуриалган хийсэн ч их мастеруудын хувилбар шигээ хурц ба бөх чанараараа төгс сэлэм хэзээ ч болдоггүй. Нэг үгээр дээд зэргийн ур чадвар ба нарийн мэдлэгтэй байж аж катана сэлэмийг хийх боломжтой юм.

Энэ жишээгээр юуг харуулах гэсэн бэ гэвэл дархачууд олон жилийн турш хуримтлуулж ирсэн туршлагын үндсэн дээр тайлбарлах боломжгүй мэдрэмж дээр тулгуурласан ур чадварыг хөгжүүлж ирсэн байдаг. Ийм мэдлэгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй байдаг. Энэ бол мэдлэг нарийн болж буйн л жишээ юм…”

Advertisements