Манлайлал

Бизнес ухаан гэж юуг хэлэх вэ?

“… Бизнесийг амжилттай эрхлэхэд Монголчууд бидний ярих дуртай амьдрах ухаан гэдэгтэй адил өөрийн гэсэн бизнес ухаан бас бий. Үүнийг англиар бол “ноу-хау” заримдаа “инсайтс” (insights буюу товч шийдлүүд) гэдэг. Инсайтс гэдэг энэ үгийг Britannica тольноос үзвэл асуудлыг шийдвэрлэх оновчтой ба товч гаргалаа гэж тодорхойлсон байдаг. Иймээс Монголоор бол бизнес ухаан гэвэл бууруутахгүй байх. Бизнес ухаан бол мэдлэгийн нэг хэлбэр гарцаагүй мөн.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гадаадын нэгэн иргэн үхрийн ферм байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Түүний нэрийг Жэрэми гэдэг. Жэрэми нь Монгол малчдаас үхэр худалдан авч, нарийн горимын дагуу тэжээж, намар нь нядлан борлуулдаг. Жэрэми Оюу Толгой болон Монголд суугаа гадаадын элчин сайдын яамдууд зэрэгт боломжийн өндөр үнээр махаа борлуулж чадаж байгаа. Тухайлбал зарим төрлийн махыг нэг килограммыг нь 32-оос 40 мянган төгрөгөөр зардаг. Жэрэмигийн тэжээж буй үхэр нь хамаагүй тарга хүч сайтай байгааг очиж үзсэн хүн болгон хэлнэ. Гэтэл хаяа зэрэгцэн малаа малладаг Монгол малчдын маань мал нь Жэрэмигийн малаас арай л туранхай. Тэгээд ч Монгол малчид маань Жэрэмийг давж борлуулалт хийж чаддаггүй.

Монголчууд хэдэн мянган жил мал маллаж ирсэн хүмүүсийн хувьд мал маллахдаа илүү баймаарсан. Гэтэл бодит байдал дээр бас тийм биш байгаа нь дээрх жишээнээс харагдаж байгаа юм. Хэрэв дээр дурдсан жишээг бяцхан өрсөлдөөн гэж үзвэл Монгол малчид маань өрсөлдөөнд гарцаагүй хоцроод байгаа нь харагдана. Үүний үндсэн шалтгаан нь гэвэл зах зээлийн нөхцөлд мал маллаж амжилттай өрсөлдөхийн тулд өөр арга барил, ажлын өөр дадлыг ашиглах шаардлагатай бол энэ талаарх Монголчуудын маань мэдлэг дутмаг байгааг болохыг энэ жишээ тодорхой харуулж байгаа юм.

Дүгнээд хэдэхэд өөрийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхтэй холбоотой зорилтуудад хүрэхэд тус нэмэр болдог мэдлэг нь хүний үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна. Харин ийм мэдлэг нь энгийн өнгөц бус харин ихэвчлэн нарийн мэргэжлийн мэдлэг байдаг.

Иймээс ямар мэдлэг өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг вэ гэвэл зүгээр нэг мэдээлэл хуримтлуулах замаар бий болсон мэдлэг бол мэдээж чухал бус юм. Харин хүсч байгаа үр дүнг бий болгоход хэрэг болох мэдлэг л чухал гэдэг. Монголоор бол “өрсөлдөөнд бусдаас тохой илүү” байхад тус нэмэр болох л мэдлэгүүд юм.”

 

 

Advertisements