Хүн яагаад ‘далий’ сэтгэдэг вэ?

“Бясалгал ба шинжлэх ухаан” лекцийн хэсгээс:

“…

Мялбогд (англи нэр нь Миларепа)-ын хэлснээр бол “энгийн ухаанаар юмс үзэгдлийг ойлгох нь ямагт алдаатай. Харин зөн совингоо хөгжүүлж чадваас юмс үзэгдлийг илүү бодитой ойлгоно” (Дармакаяа-ийн түвшинд очно) гэсэн аж.

Хүн юмс үзэгдлийг хэзээ ч бодитоор үнэлж дүгнэж чаддаггүй гэдгийг сэтгэл зүйчид нотолдог. Юмс үзэгдийг бодитоор нь ойлгож чаддаггүйд хүргэж буй гол хүчин зүйл нь танин мэдэхүйн алдаа (‘bias”) юм. Шашны хэллэгээр бол цувирал гэдэг. Танин мэдэхүйн алдааг (‘bias’) гэдэг нь тогтмол давтагдаад байдаг алдаа (systematic error) гэж тодорхойлдог. Шинжлэх ухаан бараг 50 орчим танин мэдэхүйн алдаа байдаг гэдэг бол тэдгээрийн 20-25 нь түгээмэл тохиолддог.

Жишээлбэл, аливаа шинэ зүйлийг хүлээж авахгүй байх нь хүмүүсийн дунд түгээмэл байдаг бол энэ нь тогтмол давтагдаад байвал мэдээж консерватизм “bias” болж хувирах нь тодорхой. Үүний жишээ бол дэлхий бөөрөнхий гэдэг нь нотлогдоод байхад хүмүүс маш удаан хугацаанд хүлээн зөвшөөрөхгүй байсан гэсэн түүхэн баримт байдаг.

Энгийн жишээ гэвэл ямар нэгэн асуудал тайлбарлаж байхад урдаас нь шал өөр хувилбараар ярихаар залуучууд түүнийг нэг нэгэндээ “энэ одоо шал далий юм яриад байх юм” гэцгээдэг. Энэ бол танин мэдэхүйн алдаанд автагдаж нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй байгаагийн нэг жишээ байж болох юм.

Гэтэл хүний боловсрол нимгэн байх тусам, эсвэл биеэ тоох, өөрийгөө хэт дээгүүр үнэлэх, өөртөө хэт их итгэлтэй байх, даруy бус байх тусам хүний танин мэдэхүйн алдааг улам нэмэгдүүлж байдаг юм байна.

Танин мэдэхүйн алдаа нөхцөл байдал төдийгүй өөрийгөө ташаа үнэлэхэд хүргэдэг байна. Үүнийг хувь хүний гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд илт ажиглагддаг. Тухайлбал, өөрийгөө компанид хамгийн их өндөр гүйцэтгэлтэй, хамгийн мундаг, хамгийн гол үүрэгтэй хэмээн бодож явдаг хүн 360 үнэлгээгээр ихэвчлэн хамгийн муу үнэлгээ авдаг болох нь олон үнэлгээний үр дүнгээр тогтоогддог. Ийм хүмүүс өөрсдийн гүйцэтгэлийн үнэлгээгээ үзэхээд шоконд орж байсан тохиолдолууд маш олон. Энэ нь бас л өөртөө хэт их итгэх гэсэн танин мэдэхүйн алдаатай холбоотой.

Хүн өөрийн муу талуудыг умартаж харин сайн талуудыг дүвийлгэж байдаг чанарыг байгалын шалгарлалын явцад хөгжүүлж ирсэн аж. Түүнийг сэтгэл зүй дээр beneffectance гэдэг (өөрөөр хэлвэл давуу талтай болон үр дүнтэй байх гэсэн үг юм). Хар яриагаар бол хүн өөрийгөө голдоггүй л гэсэн санаа юм. Үүнийг нэг ийм сонирхолтой судалгаагаар харуулсан байдаг. Авто тээврийн осол гаргаж байсан 200 орчим жолооч нарын дунд өөрсдийн ур чадварыг 100 оноогоор үнэлнэ үү гэсэн судалгаа хийсэн аж. Гэтэл бүгд өөрсдийн ур чадварыг дундаас дээгүүр буюу бараг мэргэжлийн түвшинд гэж дүгнэсэн байсан. Тэгээд өөрсдөөс нь “та чинь ийм аваар осол гаргаж байсан байна” гэхэд тэд өөрсдийн бурууг огт хүлээгээгүй аль эсвэл энэ ур чадварт нөлөөлөхгүй гээд буруугаа хүлээж аваагүй гэдэг.

Энэ бүгдээс юу харагдаж байна гэхээр хүн нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чаддаггүй гэдгийг л харуулаад байгаа юм. Тэр бүү хэл хүн юмс үзэгдлийг ташаа үнэлээд зогсохгүй түүнийгээ ургуулан бодохоор хоосон мөөрөөдөл хий төсөөлөл болж байдаг байна. Үүгээр зогсохгүй тэр хоосон мөрөөдөл төсөөллөөрөө өөрийгөө тэтгэж хуурч байдаг байна. Жишээлбэл, хүн өндөр албан тушаалд томилогдож удаан хугацаанд даргын ажил хийхээр өөрийгөө байнга ийм байх юм бодож эндүүрдэг. Ингээд тэр албан тушаалаасаа огцроход бодит байдал нь түүний ташаа үнэлгээтэй зөрдөг тул түүнээсээ болж бухимддаг байна…

Гэтэл бурхан багшийн зааж сургасан 4 титэм үнэн буюу манай шашинд тогтсон хэллэгээр бол бурхан багшийн үзлийн 4 тамгын нэг нь “цувиралтай бүхэн зовлонтой гэдэг”. Орчин цагийн хэллэгээр бол танин мэдэхүйн алдаа зовлонд хүргэдэг байна гэж хэлж болох юм …”

Advertisements