Манлайлал

Итгэл ба гүйцэтгэл

Яавал компанийн ажил сайн явах вэ гэж асуухад ихэвчлэн өндөр цалин, хатуу сахилга бат ба гүйцэтгэл сайн байхад л компанийн ажил сайн байна гэсэн хариулт өгөх нь олонтой. Гэтэл итгэл хамгийн чухал гэвэл хүмүүс бараг эргэлзэх нь л холгүй.

Гүйцэтгэлийг сайжруулахад итгэл хамгийн чухал үүрэгтэй байдаг байна. Үүнийг тайлбарлахын тулд нэг ийм жишээ авч болох юм. Монголчууд хэзээнээс ялж эхэлсэн бэ гэвэл нэг нэгэндээ итгэдэг болсноор ялж эхэлсэн түүхтэй. Их Хаан Их Засаг хуулийг баталснаар хэрэв аравтын нэг цэрэг нь дайны талбараас зугтавал зутгасан нэгийг нь цаазлаад зогсохгүй аравтын бусад цэргийг ч адил бүгдийг нь цаазалдаг болсон гэдэг. Ийм хатуу хуулийг баталснаар дайны талбараас нэг ч цэрэг зугтахаа больсон. Учир нь хэрэв зугтах юм бол бусад нь түүнийг тэр даруйд нь хөнөөнө. Тэгэхгүй бол үлдсэн нөхрүүд нь цаазлуулах юм. Ингээд хэн ч зутгахгүй нь тодорхой болсон тул тэдэнд амьд үлдэх цор ганц л зам үлдсэн. Тэр нь ялах. Энэ бол мэдээж туйлийн жишээ. Гэхдээ энэ жишээнээс юу илэрхий гэвэл хамт олны дунд нэг нэгэндээ итгэх итгэл бий болсон цагт гүйцэтгэл сайжирдаг гэдгийг л харуулж байгаа юм.

Тэгвэл компанийн тогтвортой хөгжил яг үүн дээр л тогтож байдаг. Хэрэв удирдаж буй хүн нь ажилчдын дунд итгэлийг бий болгож байлдан дагуулж чадвал ахиц гарах нь гарцаагүй. Итгэл бүхий уур амьсгал бий болоход ажилчид нь үнэнч төдийгүй бага цалингаар ч ажиллахыг хүсдэг байна. Энэ нь итгэл бүхий уур амьсгал нь мөнгөнөөс илүү болохыг л харуулж байгаа юм. Энэ бүх тайлбар хоосон онол бус юм. Харин амьдралаар нотлогдсон баримт.

Нийгмийн хөгжил ч иргэдийн нэг нэгэндээ итгэх итгэл байж аж ахиж байдаг байна. Харамсалтай нь бид үзэн ядалт, хорсол болон үл хүндэтгэлийг асар ихээр хөгжүүлж ирсэн. Үүний хамгийн хортой үр дагавар нь итгэл устах явдал юм.

Advertisements