Хүний үнэ цэнийг бүрдүүлэх хүчин зүйлс: ур чадвар ба мэдлэг

(Мэргэжлийн ур чадварыг хэрхэн хөгжүүлэх тухай лекцийн оршил хэсэг)

… Энэ сэдэв яагаад чухал вэ гэвэл? монголчууд бид мөнгө олохын тулд хууль бус үйлдлүүдийг хийх нь нийгэмд газар авч хавтгайрсан төдийгүй хууль бус үйлдлүүдийг хийх нь бараг байх ёстой нийгмийн хэм хэмжээ болоод байгаа.

Мөнгө олохын тулд хулгай хийх, хөрөнгө зувчуулах, байгаль орчно сүйтгэх, тэр бүү хэл булш, хэрэгсүүрүүдийг ухаж олсон эртний эдлэлийг гадныханд дамлан зарах гээд ийм сэтгэл эмзэглүүлсэн үйлдлийг хүртэл хийж байна. Эцсийн дүндээ энэ бүгд нь хүмүүсийн дунд бухимдал ихээр төрүүлж сөрөг хандлагыг бий болгож байгаа бол энэ нь эргээд нийгмийн хөгжлийг боймлоход хүргэж байгаа нь хамгийн ноцтой юм.

Гэтэл эдгээр бүгдийн цаад язгуур шалтгаан нь монголчууд бидний үнэ цэнэ маш доогуур байтай л холбоотой.

Үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдгийн талаар цаашид ярихын өмнө үнэ цэнэ гэж юуг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байх. Үнэ цэнэ гэдэг нэр томъёо нь гадны ойлголтыг монгол хэлрүү орчуулах замаар бий болсон учраас монголчууд бидний хувьд ойлгоход бага зэрэг хөндий сонсогддог. Гэхдээ үнэн хэрэг дээрээ үнэ цэнэ гэдэг ойлголт нь монголчууд бидний хувьд цоо шинэ ойлголт гэвэл бас биш юм. Энгийн хэллэгээр бол буян хураах гэж ярьдагтай төстэй ойлголт юм. Мэдээж бид энд шашины талаар ярих гээгүй.

Сүүлийн үеийн сэтгэл зүйн чиглэлийн судалгааны үр дүн нь агуулгын хувьд Бурхан багшийн зааж сургаж байсантай адилхан байгаа тул шашны нэр томъёонуудыг ашиглавал монгол хүнд илүү хялбар ойлгогдохоор байгаа юм. Тухайлбал, эрдэм номонд шамдан суралцахыг буян хураах гэж тайлбарладаг байж. Тэгвэл ур чадвар болон мэдлэг боловсролыг олж авах нь хүний үнэ цэнийг нэмэх тул буян хураах гэдэг ойлголтоос огт ялгаагүй юм.

Тэгэхээр энэ үнэ цэнэ юунаас бүрддэг вэ гэвэл өмссөн үнэтэй хувцас, хадгаламжинд байгаа мөнгө эсвэл эрхэлж буй албан тушаал зэргээс хүний үнэ цэнэ хамаардаггүй юм байна. Харин хувь хүний хөгжүүлж чадсан ур чадвар, хуримтлуулсан мэдлэг, туршлага, ёс зүйт байдал ба аливаа юманд хандах хандлага зэргээс бүрддэг гэдэг.

Энэ дөрвөн зүйлс л хүнийг мэргэжлийн хувьд үнэ цэнэтэй болгодог. Дээрээс нь энэ бүгд нь амжилтанд хүргэхийн үндэс болж мөн аз жаргалтай амьдрахад ч гол үүрэг гүйцэтгэдэг байна. Хүний үнэ цэнийн нэгэн онцлог бол хэрэв нэгэнт бий болсон бол хэзээ ч устаж алдагдадгүй хэвээр л байж байдаг. Хүний хөгжүүлсэн ур чадвар болон хуримтлуулсан мэдлэгийг хэн ч авч чадахгүй. Үүнд л үнэ цэнийн гол онцлог байдаг байна.

Харамсалтай нь өнөөдөр монгол хүн мэргэжлийн ур чадвараар дутмаг, мэдлэг муутай, ёс зүйт байдлаа алдсан, нийгэмд хэт их сөрөг үйл явдал өрнөж буйн улмаас бүх юмыг шүүмжлэх, үзэн ядах зэргийн улмаас сөрөг хандлагатай болсон тул үнэ цэнэ нь үнэхээр бараг үгүйтэй л адил юм. Үнэ цэнэгүй байгаа учраас л авах цалин нь бага, эрхэлсэн бизнес нь орлого муутай байдаг. Буян хураагаагүй хүн эд хөрөнгөтэй болж тансаг амьдрахын тулд мэдээж нэг бол хулгай хийнэ аль эсвэл хөрөнгө зувчуулах нь л тодорхой. Энэ л бидний гол асуудал байгаа юм.

Advertisements