Манлайлал

“Холын зорилго үгүй аваас ойрийн зовлон оршино”

Зорилготой хүн зорилгогүй нэгнээс зарчмын том ялгаатай гэдгийг хүн болгон л мэднэ. Хэдийгээр энгийн ойлголт боловч зорилготой хүнийг зорилогогүй нэгнээс яг юу илүү болгоод байдгийг тайлбарлах гэхээр тэр болгон оновчтой хариулт олдохгүй байх нь түгээмэл.

Гэтэл хариулт нь энгийн байдаг юм байна. Тэр нь ердөө л итгэлтэй холбоотой юм. Зорилготой хүн гэдэг чинь итгэлээр илүү л гэсэн үг.

Итгэл ямар хүчтэй нөлөөтэй болохыг нотолсон олон судалгаа байдаг. Тэрний нэг нь Curt Richter-ийн “хархны итгэл” гэсэн алдартай судалгаа юм. Curt Richter нь нэг ийм харгис судалгааг 1957 онд хийж.

Эхлээд хархнуудыг усаар хагас дүүргэсэн том шилэн саванд хийсэн бол хархнууд нь янз янзын үйлдэл үзүүлсэн байж. Зарим нь 1 цаг орчим тэмцэлдэж байгаад живж үхсэн бол нэг хэсэг нь бараг 2 цаг гаруй тэмцэлдэж байж живж үхсэн байдаг.

Харин дараагийн удаа хархнуудыг шилэн савтай усанд хийгээд 15 минутын дараа уснаас нь гарган авч арчиж хуурай болгон эргүүлэн торонд нь хийсэн гэдэг. Үүнийг олон удаа давтаж байгаад эцэст нь нөгөө муу хархнуудыг эргүүлээд устай саванд хийсэн аж. Энэ удаад бол тэдний эргүүлж аваагүй юм. Ингэхэд бүх хархнууд бараг 3 цаг гаруй живж үхэхгүйн төлөө тэмцэлдсэн байсан. Эрдэмтэдийн тайлбарласнаар бол тэд бидний ирж авна гэсэн итгэл үүссэн байсан тул ингэж тууштай тэмцэлдсэн гэдэг.

Зорилготой хүн бол огт ялгаагүй. Зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй байгаа тул илүү тууштай байж чаддаг.

Ийм ч учраас аливаа ажил үйлсийг эрхэм зорилготой хийх нь зүгээр нэг үр дүнгийн араас хөөцөлдсөн ажлын гүйцэтгэлтэй харьцуулвал харьцуулшгүй илүү чанартай гүйцэтгэлийг дагуулдаг болохыг дээрх жишээ маш хялбар тайлбарлаж байгаа юм.

Дээрээс нь эрхэм зорилготой байх нь илүү гүйцэтгэлд хүргэдэг гэх энэ зарчим нь бизнес эрхлэхэд яг адил үйлчилгээтэй байдаг. Ямар нэгэн “үзэл санаа”, “үйлс” эсвэл “ухагдахуун”-ыг баримтлан бизнес эрхлэх нь зөвхөн үр дүнгийн араас хөөцөлдсөн бизнесээс хамаагүй илүү гүйцэтгэлийг алсдаа дагуулж чаддаг.

“Холын зорилго үгүй аваас ойрийн зовлон оршино” гэдэг сургаалийн цаад утга нь бас дээрхтэй холбоотой болох нь тодорхой. Зорилготой хүн наад зах нь зовлон даах чадвараар илүү болох нь дээр дурдсан хэрцгий судалгаанаас харагдаж байгаа юм.

Advertisements