Бизнесийн процесс

Бизнес процессийг ашиглах нь хэрхэн томоохон алдагдлаас урьдчилан сэргийлдэг вэ?

Бизнес болгон л өөрийн гэсэн тогтолцоо бүхий өвөрмөц систем байдаг. Харин түүнийг цаасан дээр буулгасан эсэх нь өөр асуудал. Бизнесийн процесс бол мэдээж өөрийн гэсэн “оролт” ба “гаралт”-тай байдаг гэж тодорхойлодог бол түүний үндсэн зориулалт нь байгууллагын дотоод үйл ажиллагаа аль эсвэл ашиг орлого олоход чиглэгдсэн ажилбаруудыг удирдан зохион байгуулах зориулалттай байдаг. Товчхондоо бол ямарч ажил хийж гүйцэтгэхэд өөрийн гэсэн логик бүхий дэс дараалалтай процесс байдаг гэсэн санаа юм. Иймээс бизнесийн үйл ажиллагааг сайжруулахын тул тэр процессийг “илрүүлж” цаасан дээр буулгаж үүний дараагаар процессийг оновчлох шаардлагатай болдог.

Бизнес процессийг ойлгоогүйгээр бий болгосноос болж хичнээн хэрүүл уруул, үндэслэлгүй зэмлэл буруутгал, утга учиргүй ажлын халаа сэлгээ өрнөж хэчнээ ч хүний амьдралын хэвийн хэмнэл алдагддаг болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Үүнийг нэгэн бодит жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх.

Хүнд машин механизмын сэлбэгийн асуудал томоохон уурхайн хувьд хамгийн том толгойны өвчин байдгийг хүн болгон гадарлах байх. Энэ дунд сэлбэгийн хулгай, чанаргүй сэлбэгээр үнэтэй машин механизмуудыг тоноглох үүний улмаас үнэтэй техник эвдэрч их хэмжээний зардал учрах гээд олон асуудлууд байдаг бол эдгээр нь ямагт засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж байдаг. Үүнтэй тэмцэх зорилгоор компаниуд хяналтыг сайжруулах гэж олон л арга хэрэглэнэ. Гэтэл хяналтыг сайжруулах гэж авсан арга хэмжээнүүд нь ихэнх тохиолдолд үр дүнгээ өгөх бус эсэргээрээ байдлыг улам доройтуулна. Зарим тохиолдолд бараг хорлон сүйтгэх чанартай болж ирдэг. Ийм кэйсууд нь ихэвчлэн бизнес процессийг ойлгохгүйгээр аль эсвэл мэдэхгүйгээр гаргаж буй шийдвэрүүдтэй холбоотой юм.

Бүдүүвч №1: Хуучин журам

Жишээлбэл, нэгэн уурхай үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдрэхэд дараах процессийн дагуу сэлбэгийг сольж засварладаг байсан аж.

Хэдийгээр хяналт сайн байгаагүй ч ямартай ч үйлдвэр зогссон бол цаг алдалгүйгээр засварлаж үйлдвэрийг ажиллуулдаг байсан нь процессоос харагдаж байгаа юм. Гэтэл үйлдвэрийн менежерүүд хяналтыг сайжруулж байгаа нэрийдлээр дээрх процессийг өөрчилж дараах байдалтай болгосон байдаг.

Бүдүүвч №2: Шинэ журам

 

Шинээр санал болгосон процессийн гол сул тал нь үйлдвэр зогсох ба ажиллах гэсэн хоёр мөчийн (Зураг дээр улаан өнгийн трапецийн дүрсээр тэмдэглэсэн байгаа) хооронд асар их хүнд сүрталын чанартай олон ажилбарууд орсон явдал юм. Энэ байдал нь ямар эрсдэл дагуулж байна гэвэл бүтээл алдагдах явдал юм. Үүнийг үйлдвэрийн нэгэн менежер Формула №1 автомашины уралдаантай зүйрлэж хэлсэн нь нилээд оновчтой болсон мэт санагдаж байсан. Түүний хэлснээр бол Формула №1 автомашинууд уралдаж байгаад дугуй нь илэгдэхээр засварын хайрцагт орж ирмэгц тухайн багийн гишүүд хэдхэн секундын дотор дугуйг сольж гаргадаг. Харин энэ үйлдвэрийг Формула №1 автомашины уралдаантай зүйрлэвэл эдний багийнх нь дугуйг тайлж аваад агуулахруу гүйх болж байгаа юм. Тэр бүү хэл дунд нь хэд хэдэн зөвшөөрөл авна. Тэгээд агуулах дээр очвол дугуй байхгүй бол эргээд дугуйгаа бариад гүйж ирээд буцааж угсрана л гэсэнтэй адил юм. Ийм процесстой баг мэдээж уралдаан ялагдах нь тодорхой. харин энэ үйлдвэрийн хувьд их хэмжээний бүтээл алдах нь гарцаагүй. Иймээс компанийн дотоод журмыг өөрчлөхдөө заавал ямар процесс бий болгож буйг нягталж байх нь илүүдэхгүй юм.