Манлайлал

Авралгүйг ухамсарласны улмаас бий болох олдмол гутрал

Martin Seligman

1965 онд АНУ-ын Корнеллийн их сургуулийн сэтгэл зүйч Martin Seligman нэг ийм судалгаа хийжээ. Түүний судалгаагаар хүний итгэл ямар чухал болохыг тод харуулж чадсан аж. Судалгааны зорилгоор нэг том авдар маягийн хайрцаг дотор хоёр нохой байршуулж хоёуланг нь дээрээс нь уясан байж. Ингээд хоёр нохойг шалнаас нь зөөлөн тогоор цохиулахад ирж буй тогийг унтрааж болох товчлуур нэг нохойны хажууд байршуулсан бол харин нөгөө нохойд нь тийм товчлуур байршуулаагүй байж. Ингээд удалгүй товчлууртай нохой нь тогоор цохих болгонд унтрааж сурсан бол харин нөгөө муу товчлуургүй нохой нь гасалсаар сүүлдээ байнгын гүн гутралын байдалд орж нөхцөл байдалтайгаа эвлэрч. Үүний дараагаар нөхцөл байдлыг нь өөрчлөөд дахиад өөр хайрцагт хийсэн байдаг. Харин энэ удаад хайрцаг нь дотроо даваад гарчих бололцоотой намхавтар хашлагатай байж. Хайрцагны нэг шал нь тогоор цохих зориулалттай бол харин хашлаганы нөгөө хэсэг нь тоггүй хэсэгтэй байсан. Товчхондоо бол зөөлөн тогоор цохиулахад нохой тусгаарласан хашлагыг давж тоггүй хэсэгт шилжих бололцоотой байж. Гэтэл нөгөө хоёр нохойны товчлууртай байсан нь хашлагыг даваад хажуугийн хэсэгт шилжиж чадсан бол харин нөгөө анхнаасаа товчлуургүй байсны улмаас гутарсан нохой хажуугийн хэсэгрүү шилжиж мэдэхгүй байсан аж. Тэр бүү хэл нөгөө нохой шилжиж болж байгааг жишээ болгон зааж өгсөн ч өөрийн нөхцлийг сайжруулах зорилгоор ямар нэгэн үйлдэл огт хийхгүй байсан нь хамгийн сонирхол татсан гэдэг. Энэ үр дагаварыг (effect) Martin Seligman олдмол (суралцсан) гутрал гэж нэрлэсэн гэдэг.

Энэ үр дагавар нь амьтан гэлтгүй хүнд ч яг адил нөлөөтэй байдаг. Хэрэв хүн тогтмол сөрөг үйл явдалтай тулгараад эсвэл бүтэлгүйтээд байх юм бол нөхцөл байдал авралгүй хэмээн хүлээн авч олдмол гутралд бас адилхан л ордог байна. Ийм тохиолдолд хүмүүс өөрт үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор арга хэмжээ авах чадваргүй болдог нь хамгийн ноцтой. Хэдийгээр ихэнх хүмүүс надтай ийм юм хэзээ ч тохиолдохгүй хэмээн бодож явдаг бол бодит байдал дээр ийм гутранг сэтгэлд автсан хүмүүс бидний төсөөлснөөс хавь их байдаг. Ийм нөхцөлд манлайлал үнэхээр хэрэгтэй болж ирдэг. Учир нь чадварлаг манлайлагчид хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж тэдгээрт урам өгөх, итгүүлж үнэмшүүлэх замаар бусдыг байлдан дагуулж чаддаг.