Манлайлал

Монгол хүнийг манлайлалхад амаргүй

Францын их хааны цэцэрлэг юугаар алдартай вэ гэвэл төгс геометрийн хэлбэрийн дагуу хийгдсэн байдаг нь хүмүүсийг ихээр гайхшруулдаг. Их хэмжээний талбайд шугамаар татсан мэт эмх цэгцтэй цэцэрлэг байгуулсан нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэхээр гэдэг. Геометрийн дүрс хэлбэрээр төгс симметрийн зарчим баримтлан цэцэрлэг байгуулдаг байсны цаад утга нь эмх замбараагүй энэ ертөнцөд их хаан өөрийн дэг журам болон эмх цэгцтэй байдлыг бий болгож буйн илэрхийлэл гэдэг. Өрнөдийн соёлд их хааны үүрэг бол үндсэндээ ард түмэндээ дэг журмыг тогтоож эмх цэгцтэй байдлыг бий болгох замаар амар амгалан байдлыг баталгаажуулах явдал гэж үздэг байсантай холбоотой. Энэ бол манлайлалын үндсэн үүрэг юм. Чадварлаг манлайлал хамт олон, нийгэмд эмх цэгцтэй байдлыг бий болгодог байна.   

2011 оны 3 дугаар сарын 11-нд Японы Фукушима хот цунамид нэрвэгдэх өдөр уг хотын чиглэлрүү далайн эрэгийн дагуу орон нутгийн галт тэргээр 120 орчим хүн зорчиж байж. Цунами болохыг мэдсэн орон нутгийн төмөр замын диспечерийн төвийн ажилтан замд явж галт тэргийн машинистуудад цунами ирж буйг анхааруулж аюулгүй байдлыг хангах журмыг дагаж мөрдөхийг үүрэг болгосон аж. Уг журмын дагуу тухайн галт тэрэгний машинист дараагийн зогсоолд очиж бүх зорчигчдыг буулгаж хамгийн ойрийн сургуулийн аль эсвэл олон нийтийн арга хэмжээ зохион явуулах зориулалттай томоохон байранд оруулж байгалын гамшиг дуусахыг хүртэл хүлээх үүрэгтэй байсан юм. Ийм үүргийг цунами болохоос 2 цагийн өмнө өгсөн гэдэг. Ингээд машинист нь цаашид зорчин явах замдаа нэгэн уулархаг өндөр газрыг ажигласан бөгөөд дагах ёстой байсан журмыг зөрчиж тэр уулын орой дээр гармагц галт тэргийг зогсоож бүх зорчигчдыг вагоноос буухыг хүссэн аж. Тухайн галт тэрэгнд байсан бүх зорчигчид үг дуугуй машинистын үгэнд орж вагоноос бууж түүний хэлсний дагуу тэр уулын орой руу явцаасан гэдэг. Машинист энэ хугацаанд хүүхэдтэй эмэгтэйчүүд болон настай хүмүүст ачааг нь зөөлцөж уулын оройд гарахад тусалж байсан юм. Цунами болоход бүх зорчигчид уулын орой дээр гарч амжсан байсан. Ингээд машинистын ачаар бүх зорчигчид амьд үлдсэн байж. Харин очих ёстой байсан сургуулийн байр нь цунамид нэрвэгдэж сүйрсэн байсан. Энэ бол манлайлалын нэгэн жижиг жишээ бол гарцаагүй мөн. Учир нь тухайн машинист 120 орчим зорчигчдын ямар үйлдэл хийхийг зааж ингэснээрээ тэрээр зорчигчдын аюулгүй байдлыг хангаж чадсан байна. Манлайлалын удаах ач холбогдол нь хамт олны аюулгүй байдлыг хангах явдал юм.

Гэтэл ижил төстэй байдал үүсэхэд монголчууд бид огт өөр байдлаар хариу үйлдэл хийдэг болохыг саяхан болсон үйл явцаас харж болох юм. 2018 оны 12 дугаар сарын 21-нд Сеүлээс УБ-ын чиглэлд нисэх байсан МИАТ-ын онгоц техникийн шалтгааны улмаас Инчоны нисэх онгоцны буудалд эргэж буусан юм байна. Гэтэл 280 гаруй монгол зорчигчид ямар үйлдэл хийж байсныг сошиал мэдиа дээр тавьсан хувь хүмүүсийн бичлэгээс харж болох байх. Хар ярианы хэлээр бол тэд МИАТ-ын ганц нэг төлөөлөгчийг зүгээр л барьж идэх шахсан гэж хэлж болох байх.

Энэ жишээнээс монгол хүнийг “байлдан дагуулах” буюу манлайлахад үнэхээр амаргүй гэдэг нь илрэхий харагдаж байгаа юм. Хэдийгээр Монгол хүнийг манлайлахад хялбар бус гэдгийн талаар хийсэн баттай үндэслэл бүхий судалгаа байдаггүй ч нэг ийм таамаг нилээд ор үндэстэй байж болох мэт санагддаг. Энэ нь монгол хүний бие даасан бусдаас хараат бус сэтгэлгээтэй холбоотой юм болов уу гэж таамагладаг. Монгол хүн эзгүй тал газар олон зуун жилийн турш бие даан амьдарч ирсэн тул ямар ч асуудлыг өөрийн толгойгоороо бие дааж шийдэж ирсэн байдаг. Иймээс монгол хүний сэтгэлгээ ба ахуйн соёл нь хүртэл бие даасан байдлыг эрхэмлэсэн байдаг бололтой. Хэрэв хэн нэгэн ирээд монгол хүнийг хэрхэн биеэ авч явахыг хөндлөнгөөс зааж зааварчилна гэвэл монгол хүн хар яриагаар бол “чи хэд вэ” л гэж хариулах байх.

Олон зуун жил ганц нэгээрээ эзгүй хээр аж төрж амьдарч ирсэн хүний сэтгэлгээ нь үнэхээр ямарваа нэгэн зүйлд захирагддаггүй хараат бус болж ирдэг бололтой. Иймээс л нэг бол амьдралд нь аюул занал хийсэн аль эсвэл илэрхий давамгайлсан хүчээр л монгол хүнийг буулгаж авч дагаар оруулахгүй л бол бусад бүх нөхцөлд хараат бус зөнгөөрөө байхыг эрхэмлэдэг бололтой. Ингээд бодохоор монгол хүнийг байлдан дагуулах, манлайлах нь маш амаргүй байдаг гэж үзэх үндэслэл их юм.

Харамсалтай нь энэ байдал нь Монголын нийгэмд үүсээд байгаа нийгмийн хурц тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь гарцаагүй мөн юм. Учир нь чадварлаг манлайлалын бас нэг үүрэг нь шаардагдаж буй шинэчлэл өөрчлөлтийг бий болгох явдал юм. Эрдэмтэдийн дунд бий болсон нийтлэг ойлголтын дагуу бол “манлайлал нь… шинэчлэл өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх тухайд юм” гэж үздэг (Kotter, December 2001). Энэ өнцгөөс үзвэл олон жил шийдэгдэхгүй ирсэн хурц асуудлууд нь нэг талаас монголчуудыг манлайлахад амаргүй нөгөө талаас яадварлаг манлайлал дутагдаж буйтай холбоотой гэж тайлбарлахад огт буруудахгүй юм.

 

Advertisements