Манлайлал

Манделагийн ур чадвар

Нельсон Мандела бол заавал судлах ёстой манлайлалын онцгой кэйс хэмээн эрдэмтэд үздэг. Учир түүнийг аугаа их манлайлагч хэмээн дэлхий даяар санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Хэрэв бусад манлайлагчдийг авч үзвэл судлаагчдийн санал бодол хуваагддаг бол харин Нельсон Манделагийн хувьд бол түүнийг аугаа манлайлагч гэдгийг ямар нэгэн маргаангүйгээр хүн болгон хүлээн зөвшөөрдөг юм.

“Бид өөрсдөө гэрэлтснээр бусдыг адилхан гэрэлтэхийг санамсаргүйгээр бас зөвшөөрдөг”

Нельсон Манделла бол өмнөд африкийн овгийн ахлагчийн хүү байсан. Нэг өдөр түүнээс сэтгүүлчид “юу таныг чадварлаг манлайлагч болгоход хүргэсэн бэ?” гэж асууж ээ. Түүний хариулт энгийн байсан. Түүний ярьснаар тэрээр хүүхэд байхдаа аавтайгаа овгийн хуралд оролцохоор байнга хамт явдаг байж. Аав нь овгийн бусад ахмадуудтай уулзахдаа хоёр зүйлийг байнга хийдэг байсныг Мандела маш сайн санадаг байж. Нэгдүгээрт, тэд хурлаа хийхээр ямагт тойрч сууцгаадаг байсан аж. Хоёрдугаарт, түүний аав ямагт хамгийн сүүлд ярьдаг байсан гэдэг. Хүн болгон л чи амьдралдаа бусдыг сонсож сурах хэрэгтэй гэж сургахыг сонссон байдаг. Тэгвэл Манделлагийн хувьд хамгийн суулд ярьж сурах нь бусдаас чухал байсан аж.

Ихэнх удирдагчид компанийн хурал болохоор орж ирмэгц тулгарсан асуудлыг танилцуулсны дараагаар л бусдын санал бодлыг сонсож эхэлдэг. Гэтэл энэ бол мэдээж чадвар дутмаг удирдагчийн аргачлал гэж үздэг. Учир нь бүх хүмүүсийг ярьж дууссаны дараа ярих нь хоёр давуу талыг бий болгодог. Нэгдүгээрт, өмнө ярьсан хүн болгонд тэдгээрийн хэлж ярьсныг сонссон гэсэн мэдрэмжийг бий болгодог. Өөрөөр хэлвэл асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэрээ оруулсан гэсэн мэдрэмжийг өмнө ярьсан хүн болгонд бий болгодог байна. Хоёрдугаарт, хамгийн сүүлд ярьснаар өмнө ярьсан хүн болгоны санал бодлыг сонсох бололцоотой болдог. Хамгийн сүүлд ярих ур чадварын нэг салашгүй хэсэг нь бусад бүх хүмүүсийг ярьж дуустал өөрийн бодлыг өөрт байлгах явдал гэдэг. Иймээс өмнө ярьж буй хүмүүсийн санал бодолтой санал нийлж байгаа бол толгойгоороо дохихгүй байх мөн эсрэгээрээ хэрэв санал нийлэхгүй байгаа бол толгойгоо сэгсрэхгүй байх нь чухал. Үг дуграхгүйгээр дуустал нь хүлээж байгаад л зөвхөн асуулт л асуу гэдэг. Ингэснээр тэр хүмүүс яагаад ингэж ярьж буйг ойлгох боломжтой болох юм. Ямар шалтгааны улмаас ийм бодол бий болсон зэргийг ойлгох боломжтой болдог. Эцэст нь хэлэхэд хамгийн сүүлд ярьснаар сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө бусдаас илүү байрь суурьтай гэдгийг бусдад шууд бус хэлбэрээр бас ойлгуулж чаддаг байна.

Ийм ур чадварыг хөгжүүлэх нь хялбар мэт сонсогддог боловч яг амьдрал дээр бас үгүй юм. Зөвхөн чадварлаг манлайлагчдийн л арга барил байдаг. Нельсон Мандела хамгийн сүүлд ярихыг байнга давтаж дадал болгосон байсан.

Advertisements