Байгууллагын зан төлөв

Ашиглаж буй эх үүсвэрийн хэмжээ ба удирдлагын хэв маяг

Их хаан цэргүүдээ 10-аар хуваан удирдаж байсан нь удирдаж буй эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх хэрээр удирдлагын хэв маягт ямар нэгэн өөрчлөлт орох шаардлагатай байдгийг маш тодоор харуулсан жишээ. Харамсалтай нь цэргүүдийг удирдан зохион байгуулах энэ аргачлалд хэрхэн шилжих болсон талаар бодит баримт байхгүй тул хийсвэр таамаг дэвшүүлэхээс өөр аргагүй юм. Ямартай ч хар ухаанаар бодвол 2-оос 3 мянган цэрэгтэй байхад цэргүүдийг 10-аар хуваах шаардлага төдийлэн байгаагүй л болов уу? Харин цэргийн тоо нь 5 мянгаас дээш гараад эхэлмэгц цэрэг бүрийг үр дүнтэй удирдах ба хяналтанд байлгах нь адармаатай болох нь тодорхой. Иймээс аргагүй их цэргийг 10-аар ангилж удирдах шаардлага гарсан байх гэж таамаглах бүрэн үндэстэй юм. Ингэж ангилах нь хяналтыг үе шаттай болгох төдийгүй цэрэг болгоныг хариуцах “эзэнтэй” болгосон нь гүйцэтгэлийг сайжруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Товчхондоо бол энэ жишээ нь эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх нь түүнийг удирдах хэв маягт өөрчлөлт оруулахыг зайлшгүй шаарддаг болохыг л харуулж байгаа юм.

Энэ зарчим нь байгууллагын хувьд адил үйлчилдэг. Компани нь санхүүгийн эх үүсвэртэй болж хөрөнгө зузаатгамагц байгууллагын хэмжээ нь нэмэгдэхийн зэрэгцээ эх үүсвэрийг удирдах хэв маяг нь бас дагаад өөрчлөгдөх шаардлагатай болно. Иймээс уг зарчмын дагуу компаниудыг дараах гурван ангилалд хуваахад хүргэсэн байдаг.

  • Нэгдүгээрт, ойролцоогоор 3 сая америк долларын хөрөнгө захиран зарцуулж буй компаниуд
  • Хоёрдугаарт, 3 саяаас ойролцоогоор 100 сая америк долларын хөрөнгө бүхий компаниуд байдаг бол
  • Гуравдугаарт, 100 сая америк доллараас дээш хэмжээний хөрөнгө захиран зарцуулдаг компаниуд ордог.

Ингэж ангилахын гол шалтгааныг дараах байдлаар тайлбарладаг.

Гар аргаар алт олборлогчид

Гурван сая америк доллароос доош хөрөнгөтэй компанийг нэг хүн удирдаж болдог байна. Нэгдүгээр үе шатны компани нь ихэвчлэн гэр бүлийн аль эсвэл ганц эзэнтэй компани байдаг. Эдгээр компаниудын хувьд тулгардаг бэрхшээлүүд нь харьцангуй энгийн. Хэдийгээр хатуу тогтсон дүрэм байдаггүй ч ганц эзэнтэй буюу гэр бүлийн жижиг аж ахуй нэгжийн хувьд тогтвортой зах зээл дээр оршин тогтнохын хувьд бүтээгдэхүүний чанарыг чухалчилах нь хамгийн зөв стратеги гэж үздэг байна. Иймээс тухайн компанийн эзэний бүтээгдэхүүнийг чанартай хийх хувийн ур чадвар нь сайн бол бусад асуудлуудыг харьцангүй хялбар шийдвэрлэх боломжтой байдаг бололтой.

Монголын компаниудын дийлэнх хэсэг нь энэ ангилалд хамаардаг. Харин ийм компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион явуулах хэв маягийн хувьд нь монголчуудын хэлдэгээр “асуудлын араас хөөцөлдөх маягаар” явагддаг. Нэг үгээр бол асуудал тулгарахаар хойноос нь хөөцөлдөж шийдэх замаар компанийн үйл ажиллагаа нь зохион явагддаг байна.

Дунд шатны компанийн алтны уурхай

Харин хоёр дахь үе шатны компанийн хувьд хөрөнгөд хүртэж буй байдал нь 3 сая америк доллароос даваад эхлэхээр нэг хүн удирдах боломжгүй болно. Энэ тохиолдолд компанийг мэргэжлийн багаар удирдах шаардлага үүсэх тодорхой юм. Иймээс хоёрдахь шатны компаниудын хувьд компанийн соёл ба засаглалыг бүрдүүлэх шаардлагатай болно. Ингээгүй цагт үйл ажиллагааны олон асуудлууд гарч ихэлэх нь гарцаагүй.

Хоёрдахь үе шатны компанийн хувьд үйл ажиллагааны чиглэл тус бүрийг хариуцсан мэргэжлийн менежерүүд орж ирэх шаардлагатай болдог төдийгүй дээрээс нь багт багтаж буй гишүүдэд цалингаас гадна шагнал урамшуулал өгөх шаардлага ч үүснэ. Энэ шатны монголын компаниудын хувьд үйл ажиллагаагаа “асуудлын араас хөөцөлдөх маягаар” зохион явуулдаг дадлаас ангижраагүй байх нь нийтлэг.

Мега төсөл

Хөрөнгийн хэмжээ нь 100 саяаас дээш гарсан гурав дахь төрлийн компанийн хувьд олон багуудаас бүрдсэн хамт олон удирдах шаардлага гардаг. Энэ тохиолдолд ч шагнал урамшуулал чухал байх бөгөөд түүний хэмжээ ч нь ихээхэн хэмжээгээр нэмэгддэг бололтой.

Үүнээс гадна мэдээлэл солилцоо, мэдээллийн чөлөөт урсгалыг хангасан байдал, ажил үүрэг, эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зэрэг асуудлууд асар чухал болж ирдэг байна.

Эдгээр нөхцлүүдийг хангаагүй тохиолдолд компанийн тогтвортой ажиллах боломж алдагдахад хүрч, тэр бүү хэл дампуурах ч явдал гарна. Үүний нэг жишээ бол Жаст группийн дампуурал байж болох юм. Жаст групп нь зарим эх сурвалжаас бол Стандарт банкнаас 80 орчим сая америк долларын зээл авсан бол харин тухайн компанийн удирдлагын хэв маяг нь энэ их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулах чадамж бүхий тогтолцоогоо бүрдүүлж чадаагүйтэй холбоотой гэж тайлбарлах бүрэн үндэслэлтэй.

Хоёр болон гурав дугаар ангилалд багтаж буй компаниудын хувьд хөрөнгийн хэмжээ 3 сая америк доллараас илүү гарахын хэрээр байгууллагад шийдвэрлэх асуудлын тоо дагаад асар ихээр нэмэгддэг. Ийм байдал нь нэг хүн байгууллагыг цаашид тогтвортой авч явах бололцоогүй болгоход хүргэдэг. Хөгжлийн энэ шатанд гүйцэтгэлийг заавал хянах шаардлага үүсдэг тул бизнесийн болон үйл ажиллагааны процессийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай болдог. Иймээс хөрөнгийн хэмжээ 3 сая америк доллараас давсан компанийн хувьд ганц хүний удирдлагаас багийн удирдлага руу аажмаар шилжих зайлшгүй шаардлага гарч ирнэ. Тэгээгүй нөхцөлд байгууллагыг удирдаж буй этгээд нь ажилдаа дарагдах, шийдвэрлэх асуудал нь овоорох, гаргаж буй шийдвэрийн чанар нь доройтох зэрэг байдал үүсэх нь дамжиггүй.

Багийн удирдлагад шилжиж чадаагүйн улмаас гаргаж буй шийдвэрийн чанар доройтсон байдал дунд шатны компаниудын хувьд түгээмэл тохиолдоно. Байгууллага нь аль хэзээний нэг хүний удирдлагаар авч явах боломжгүй байдалд орчихсон байгаа атал эзэн нь удирдлагын зарим үүрэг хариуцлагыг бусадтай хуваалцаж хамтран ажиллах багаа бүрдүүлж чадахгүй байх нь цөөнгүй байдаг.

Удирдах үүрэг хариуцлагыг бусадтай хуваалцана гэдэг нь мэдээж тийм амар асуудал биш болох нь тодорхой. Нэг талаас компанийн эзний итгэлийг дааж хариуцлагатай ажиллах хүн олоход бэрхшээлтэй байдаг бол нөгөө талаас эзэн өөрөө бизнес хийх явцад олон хүнд хууртагдаж хүнд итгэх итгэл нь нимгэн болсон байдаг тул хаа хамаагүй хүнд удирдлагын жолоог шилжүүлэх байтугай зарим нэг үүрэг хариуцлагыг шилжүүлэхэд ч туйлын бэрхшээлтэй байдаг.

Гэтэл зарим нэг үүрэг хариуцлагыг бусдад шилжүүлэхгүй бол эзэн хүн өөрийнхөө үүсгэн байгуулж, асар их хөдөлмөр зарцуулж хөгжүүлж ирсэн компаниа яваандаа “өөрийн гараар” аажмаар устгахад хүрдэг.

Харин хөрөнгийн хэмжээ нь 100 америк доллараас дээш болохоор бизнесийн процесс, багийн удирдлага зэрэг нь бас л хангалтгүй болдог тул энэ шатанд мэдээллийг түргэн шуурхай дамжуулах ба боловсруулах тогтолцоо, компанийн соёл зэргийг хөгжүүлэх шаардлагатай болдог бололтой.

Компани нь өөрт тулгарч буй тулгамдсан асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэж чадаж байвал хөгжил дэвшил явагдаж байна хэмээн үздэг. Харин хоёр болон гурав дугаар шатны ангилалд багтаж буй компаниудын хувьд асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чаддаг байхын тулд компанийг систем хэлбэрээр нь байгуулах нь чухал юм. Иймээс системийг бий болгож чадах юм бол тухайн компанийн урт удаан хугацаанд оршин тогтнохын үндэс болдог байна.