Манлайлал

Нарцисс цэцгийн домог буюу өөрөө өөртөө дурлах тухайд

Эртний Грекийн газрын зураг

Нарцисс цэцгийн тухай эртний Грекийн нэгэн сонирхолтой домог бий. Эртний Грекийн Бөотиа (Boeotia) мужийн Тэспиаэ (Thespiae) хотод сайхан эр гэдгээрээ алдаршсан нэгэн анчин байсан аж. Түүнийг Нарциссүс (Narcissus) гэдэг аж. Тэрээр Цэфиссүс  (Cephissus) бурханы болон нимф Лириопэ (Liriope) нарын хүү байж. Нарциссүс өөрт нь дурласан хүмүүсийг үл тоож, тэдгээрийг сэтгэлээр унагааж чаддагаараа их бахархдаг байж. Тэр бүү хэл домогт өгүүлснээр бол зарим нэг нь үнэнч хайраа илэрхийлэхийн тулд амиа ч егүүтгэж байсан гэдэг. Үүнийг мунхаг хүмүүст ял шийтгэл оноодог Нэмэсис бурхан олж харсан аж. Ингээд  нэгэн өдөр Нэмэсис Нарциссүсийг цөөрөм дээр дагуулан ирсэн байна.

Нэмэсис бурхан – Алфрэд Рэтэлийн зураг (1816-1859)

Усны мандалд өөрийн дүрсийг  анх удаа харсан Нарциссүс өөрийн дүрсэнд дурлаж харцаа салгаж чадалгүй үлдсэн гэдэг. Өөртөө дурласан Нарциссүс усны мандалд туссан өөрийн дүрсэнд татагдан, харсаар байгаад тэндээ хатаж үхсэн гэдэг. Харин хатсан цогцос нь нарцисс цэцэг болж хувирсан аж.

Энэ домгоос улбаалан манлайллын онолд нарциссизм гэдэг нэгэн ойлголт бий болсон. Ингээд өөрөө өөртөө дурласан удирдагчдийг нарциссист манлайлагчид гэж нэрлэх болжээ.

Усны мандалд өөрийн дүрсийг харсан Нарциссүс – Караважиогийн (1594-1596) зураг

Өөрөө өөртөө дурласан хүний хамгийн алдарт төлөөлөл бол мэдээж Чарли Чаплин юм. Түүний бүтээж байсан дуугуй кинонууд нь өндөр амжилтанд хүрч байсан тул тэрээр өөрөө өөртөө хэт их дурласан байсан гэдэг. Харин цаашид дуутай киноны үе эхлэхэд Чаплин  тэдгээрийг хүлээж зөвшөөрч чадалгүй байсаар хичнээн авъяастай байсан ч дахиж олон кинонд тоглож чадалгүйгээр эмэгнэлтэй байдалд орж, түүнээсээ гарч чадалгүй байсаар нас барсан түүхтэй.

Ер нь бол өөрөө өөртөө дурласан хүнийг хөндлөнгөөс харахад л тэсэхийн аргагүй бэрх. Бусдаас ямарч ичиж зовох зүйлгүйгээр өөрсдийгөө бодит бусаар магтана, элдэв сонин хачин ааш араншин гаргаж, ер бусын үйлдэл хийх нь их. Хамгийн сонирхолтой нь нарциссист манлайлагчийн энэ бүх балмад үйлдлүүдийг өөртөө хамгийн ихээр дурласан хүн өөрийн бүтээлээр харуулсан байдаг. Тэр нь Чарли Чаплины “Агуу дарангуйлагч” гэдэг кино юм.

“Агуу их дарангуйлагч”

Эрдэмтэдийн үзэж буйгаар нарциссист манлайлагч нь хэд хэдэн ноцтой сул талтай байдаг (Maccoby, 2000). Үүнд:

  • “Шүүмжлэл огт хүлээж авч чаддаггүй
  • Бусдыг сонсох чадвар тааруу
  • Бусдын төлөө санаа тавьж, бусдын зовлонг ойлгохдоо муу
  • Бусдад зааж сургахдаа дургүй
  • Эрүүл бус өрсөлдөх хүсэлтэй”

Ихэнх нарциссист манлайлагчид ганцаардмал хүмүүс байдаг гэж эрдэмтэд үздэг (Maccoby, 2000). Энэ нь тэдгээрийн шүүмжлэл огт хүлээж авч чаддаггүйтэй холбоотой гэдэг. Шүүмжлэлээс зайлсхийхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Жишээлбэл,  Монголын зарим компаниудын өөрөө өөртөө дурласан захирлууд хүмүүсийг ажилд авахын өмнө бараг л “амьд явах хугацаанд намайг болон миний компанийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэг ч шүүмжлэхгүй” гэсэн амлалтыг өөрийнх нь гараар бичүүлж, гарын үсгийг нь зуруулж, баталгаажуулж байж ажилд авдал жишиг хүртэл байдаг.

Бусад сул талуудын сөрөг үр дагаварын талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байх.  Учир нь бүгд л нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж чадахгүйд хүргээд зогсохгүй ухаалаг шийдвэр гаргах чадварыг ямагт алдагдуулж байдаг. Иймээс л өөрөө өөртөө дурласан хүн аажимдаа мөхдөг болохыг эртний Грекийн домог хэлэхийг зорьсон бололтой. Эцэст нь хэлэхэд бизнес эрхэлж буй хүний хувьд өөрөө өөртөө дурлана гэдэг нь түүний бизнес аажмаар мөхөх болсны хамгийн анхны шинж юм.

 

Ашигласан материалууд:

Maccoby, M. (2000). Narcissistic Leaders – The Incredible Pros, the Inevitable Cons. Harvard Business Review.

Advertisements