Шийдвэр гаргах

Хэрэв мэдлэг хүч юм бол тэгвэл туршлага бол “хаан”

Яаж Жэк Ма, Стив Жобс, Билл Гэйтс, Казүо Инамори гэх мэт нэрд гарсан алдартай хүмүүс өндөр боловсрол эзэмшээгүй ч  бизнесийн асар өндөр амжилтанд хүрч чадсан бэ гэсэн асуулт тэдгээрийн намтарыг уншиж байхад гарч байсан байх. Энэ нь мэдээж маш олон хоорондоо ялгаатай хүчин зүйлээс шалтгаалдаг бол монголчууд бид “энэ бол хувь тавилан” гээд л нэг үгээр бүх асуултанд хариу өгч ам тагалдаг. Гэтэл эдгээр хүмүсийн амжилтын байж болох нэг тайлбар нь Английн алдарт зохиолч Бернард Шоугийн хэлсэн үгтэй холбоотой байж болох юм: “Чаддаг нэг нь хийдэг бол чаддаггүй нэг нь бусдыг сургадаг”. Өөрөөр хэлвэл тууштай нэг нь хийсээр байгаад амжилтанд хүрдэг бол туйлбаргүй нэг нь замаасаа няцаж хоосон хоцордог л гэсэн санаа юм.

Орчин цагийн шинжлэх ухаан мэдлэгийг хоёр ангилалд хуваадаг. Нэгдүгээрт, кодолж болдог мэдлэг (codified or explicit knowledge) гэдэг бол, хоёрдугаарт, кодолж болдоггүй буюу “далд” мэдлэг (tacit knowledge) багтана. Кодолж болдог мэдлэг нь үндсэндээ дунд ба дээд сургуулиудад заадаг мэдлэг юм. Харин кодолж болдоггүй буюу далд мэдлэг нь хэл ам, бичиг үсгээр илэрхийлж болдоггүй мэдлэгийг хэлнэ. Өөрөөр хэлвэл энгийн логикоор ойлгоод эзэмшиж болдоггүй зөвхөн дадлага туршлагаар олж авдаг мэдлэгийг далд буюу кодолж болдоггүй мэдлэг гэнэ. Мэдлэгийг ингэж ангилах болсон нь үндсэндээ тархины үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг болсон (Kahnemann, 2003).

Сэтгэл зүйчид юун дээр санал нийлдэг вэ гэвэл хүний тархины үйл ажиллагаа хоёр үндсэн хэсгээс бүрддэг гэдэг. Нэг нь логик ухаан буюу эргэцүүлэн тунгаах явдал (reasoning) бол нөгөөх нь далд тархины үйл ажиллагаа дээр суурилсан зөн совин (intuition) юм. Логик ухаан дээр тулгуурлан гаргаж буй шийдвэрийг шинжлэх ухаан харьцангүй сайн тайлбарладаг бол харин далд тархины үйл ажиллагаан дээр сурилсан шийдвэр гаргах явдлыг төдийлэн тайлбарлаж чадахгүй байгаа. Гэтэл хүний гаргаж буй шийдвэрүүдийн дийлэнх нь мэдээж далд тархитай холбоотой байдаг.

Английн алдарт зохиолч Бернард Шоу бас нэг ийм үг хэлсэн байдаг: “Ухаалаг хүн (reasonable person) өөрийгөө орчлонд нийцүүлдэг бол, ухаалаг бус нь (unreasonable person) орчлонг өөртөө нийцүүлэх гэж зүтэгдэг. Тиймээс хүн төрлөхтөний хөгжил дэвшил ухаалаг бус хүмүүсийн гарт байдаг” (Shaw G.B., 1903). Алдарт зохиолчийн үгийг тайлбарлавал логик ухаанаар бол ертөнцийн асуудлыг шийдвэрлэх нь боломж муутай юм л гэсэн санаа. Үнэхээр ч логик дээр тулгуурласан шийдвэрүүд нь ямагт тааруу чанар муутай байж таардаг. Харин зөн совин дээр тулгуурласан шийдвэрүүд нь хавь илүү байхыг хүмүүс эртний ажигласан байж.

Жишээлбэл, ажил дээр хэн хамгийн сайн суралцдаг вэ гэвэл? Мэдээж алдаа гаргаж түүнийгээ залруулж чадсан хүмүүс бодитоор суралцсан байдаг. Учир нь алдаа гаргаж түүнийгээ засаж чадсан хүн зуршил болсон үйлдлээс ангижирч, өөр хэв маягаар ажиллаж эхэлдэг байна. Үүний цаад утга нь хэвшмэл сэтгэлгээнээсээ салж чадсан гэсэн үг юм. Ийм маягаар суралцахыг Харвардын их сургуулийн профессор ба нэрт эрдэмтэн Chris Argyris double-loop thinking гэж тодорхойлсон байдаг. Энэ нь үндсэндээ эргэцүүлэн тунгаах чадвар юм. Харин ийм сэтгэлгээний хэв маяг нь юутай холбоотой вэ гэвэл хүний далд тархины зуршил болсон үйл ажиллагааг өөрчлөхтэй холбоотой юм.

Тархины үйл ажиллагааг 40 гаруй жил судалж, Нобелийн шагнал авсан эрдэмтэн Kahnemann-ны тайлбарлаж буйгаар бол анх шинэ юманд суралцахад л бидний логик ухааны хэрэг гардаг бусдаар бол бидний өдөр тутмын шийдвэрүүдийг далд тархи зөн совингоороо гаргах ба зуршлаараа бидний хийх үйлдлүүдийг сонгож байдаг байна. Харин зөн совин дээр тулгуурласан шийдвэрийн чанар нь эргээд хувь хүний туршлагатай холбоотой гэдгийг эрдэмтэд бас хүлээн зөвшөөрдөг.

Хүний далд тархи гаргаж буй бүх шийдэл, шийдвэрүүд, гаргасан алдаа оноо болгоныг нэг бүрчлэн тогтмол “бүртгэж” хуримтуулах жамаар байнга суралцдаг болохыг эрдэмтэд олж тогтоосон аж (Goleman, 2002). Хүний далд тархи насан турш “суралцаж” байдаг цорын ганц эрхтэн болохыг сэтгэл зүйн чиглэлээр хийсэн бүх судалгаанууд нотолдог. “Энэ ямар учиртай юм бэ?” гэвэл хүний далд тархи ингэж бүх шийдэл, алдаа оноог бүртгэснээр дараагийн удаа яг ийм байдалд ороход илүү бэлтгэлтэй байлгаж дахин ийм эрсдэлд оруулахгүй байх зорилготой байдаг бололтой (Goleman, 2002). Ийм чадвар нь байгалийн шалгарлаар бий болсон гэж үздэг.

Эргээд Бэрнард Шоугийн хэлсэн үгийг эргээд санавал энэ бүх тайлбарын дараагаар түүний хэлснийг ингэж тайлбарлаж болох юм. Тууштай нэг нь туршлага хуримтлуулж, илүү чанартай шийдвэр гаргах чадвартай болдог тул амжилтанд хүрэх нь гарцаагүй. Харин туйлбаргүй нэг нь замаасаа няцдаг тул ухаалаг шийдвэр гаргах чадварт суралцаж чаддаггүй юм байна.

 

Эх сурвалж:

Argyris, C. (1991). Teaching Smart People How to Learn. Harvard Business Review, 4-15.

Brook, I., Davenport, H., Stephen, J., & Swailes, S. (2002). Organisational Behavior: Individuals, Group and Organisation. Harlow: FT Prentice Hall.

Goleman, D., Boyatzis, R., & McKee, A. (2002). Primal Leadership: Learning to Lead with Emotional Intelligence. Boston Massachusetts. Harvard Business Review Press.

Kahneman, D. (2011). Thinking Fast and Slow. Farrar, Straus and Giroux.

KTM. (2010). Introducing Organizational Knowledge. Retrieved from Knowledge Management Tools: https://www.knowledge-management-tools.net/introducing-organizational-knowledge.html

Shaw, G. B. (1903). Maxims for Revolutionists. London