Өрсөлдөх чадвар

Үзэл баримтлал ба гүйцэтгэл

“Төгс төгөлдөрийн эрэлд буюу Америкийн шилдэг компаниудаас суралцах сургамжууд” гэсэн ном нь 1981 онд худалдаанд гарч шууд бестселлер болсон төдийгүй энэ олон жилийн дараа ч бизнесийн талаар бичсэн хамгийн шилдэг номнуудын тооноос хасагдаагүй хэвээр байгаа юм. Уг ном нь олон жилийн турш хийсэн томоохон судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд тэдгээр нь бизнесийн байгууллагыг амжилттай авч явахад яг юу илүүтэй нөлөөлдөг вэ гэсэн асуултын хариултууд байсан юм.

Уг номонд бичснээр бол бизнесийн байгууллагын амжилттай оршин тогтноход нийтдээ найман чухал хүчин зүйлс байдаг ба хамгийн сонирхолтой нь тэдгээрийн нэг нь үнэт зүйлс дээр тулгуурласан үзэл баримтлалтай (philosophy) байх явдал хэмээн тайлбарласан байдаг. IBM компанийн хоёр дахь ерөнхийлөгч болох Thomas Watson Jr-ийн хэлснээр “байгууллагын амжилтанд технологи буюу эдийн засгийн эх үүсвэр, байгууллагын зохион байгуулалт, инноваци болон цаг хугацаанд нь ажлыг хийх гэхээс өөрийн гэсэн үнэт зүйлс дээр тулгуурласан үзэл баримтлалтай байх нь хавь илүү нөлөөтэй байдаг” гэсэн байна.

Thomas Watson Jr.

Өөрийн гэсэн үзэл баримтлалтай (philosophy) байх нь бизнесийн байгууллагын гүйцэтгэлд асар чухал нөлөөтэй байдаг талаар өндөр амжилтанд хүрсэн томоохон бизнесмен хүн болгон санал нэгтэй ярьцгаадаг. Тэр дундаа байгууллагын үнэт зүйлс нь ёс зүйн суурь зарчмууд дээр тулгуурласан байхыг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Ингээд бодохоор Монголчуудын маань бизнес урт удаан настай байж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан нь ёс зүй дээр тулгуурласан өөрийн гэсэн үзэл баримтлал байхгүйтэй ч бас холбоотой байгаа гэж хэлэх бүрэн үндэслэлтэй юм. Хөрөнгө завших, шамшигдуулах, хээль хахууль гээд илт байгаа зүйлсийг энд дурьдаад яахав. Гүйцэтгэх удирдлагууд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахдаа л худлаа ярихгүй байх, бусдыг хуурахгүй байх гэх мэт энгийн жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй. Гэтэл явган худал ярих, бусдыг хуурах гэх зэргийг бид зүгээр л нэг энгийн гэм хоргүй бараг л байх ёстой мэт хүлээж авдаг нь бидний соёл юм уу даа. Гэтэл ёс зүйтэй байх нь хэрэглэгчдийн итгэлийг олж авах төдийгүй бусдыг байлдан дагуулах, ажилчдыг сэдэлтэй байлгах гээд байгууллагыг амжилттай авч явахад нөлөөлөх бүх хүчин зүйлсийн суурь нь байдаг гэдгийг л бид үл ойшоогоод байгаа юм.

Advertisements