Манлайлал

“Наймаалцагч” уу эсвэл “Өөрчлөгч” үү?

Социализмын үед трансформатор (transformator) гэдэг үгийг орос хэлнээс монгол хэлэнд нэвтэрүүлж хэвшүүлсэн байдаг. Энэ нь цахилгаан соронзонгийн индукц үүсгэх замаар хүчдэл тогтоворжуулах зориулалттай цахилгааны төхөөрөмж юм. Харин эдийн засгийн эрх чөлөө бий болсноор Холливудын кино Монголд өргөнөөр нэвтэрч, үүний үр дүнд трансформер (transformer – англи үг) ба акшинтай кино (action) гэдэг үгийг хүн болгон л мэддэг болсон байх. Эхнийх нь хувирдаг робот машинууд бол удаах нь адал явдалтай кино юм. Харин трансформатив (transformative) эсвэл трансакшин (transaction) гэвэл хүнд төдийлэн сайн ойлгогдохгүй байх. Угтаа бол эхнийх нь нөгөө трансформер гэдэг үгний л ердөө тэмдэг нэр нь юм.  Харин трансакшин гэдгийг орчуулвал наймаалцах л гэж хэлж болох байх. Энэ хоёр үгийн гарал үүслийн талаар энд дэлгэрэнгүй тайлбарласны учир трансформатив ба трансакшинал гэдэг хоёр үгийг манлайлалын онолд өргөнөөр ашигладагтай холбоотой юм.

Эрдэмтэд манлайлагчдийг ерөнхийд нь хоёр төрөл байдаг хэмээн үздэг. Хэрэв нэг хэсгийг нь “наймаалцагчид” гэдэг бол нөгөө хэсгийг нь “өөрчлөгчид” гэдэг байна. Ихэнх манлайлагчид наймаалцах аргаар (transactional) дагагчидаа удирддаг. Тэд ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хийх ажлыг төлөвлөөд, хэрэгжүүлэх зорилгуудыг нь дэвшүүлж, хариуцах ажил үүргийг нь зааж өгдөг. Үүнийг энгийн наймаалцах аргачлалын дагуу манлайлах гэнэ. Энэ байдлаас харахад бидний ихэнх нь наймаалцагчид юм.

Рерих Н.К., 1933 он “Чингисийн ээж”

XIII зуунд монголчууд нэг нэгнийхээ малыг хулгайлж одох, эхнэрийг нь булаах, тэр бүү хэл хүн алах, цаг хэцүүдэх үед эзнээ дайсанд нь барьж өгөх, дайны талбараас хамтрагчдаа орхиод зугтах гээд ер нь л жудаг гэдэг юмыг уландаа гишгэсэн хүмүүс байсан бололтой. Харин Их хаан маань хүчирхэг болж ирэх үеэс эхлэн эзнээ өстөн дайсанд нь барьж өгөх, хулгай хийх, урвах, эмэгтэйчүүдийг булаах зэргийг “гэсгээн цээрлүүлэх ял шийтгэл бүхий хууль баталж”, хэвшүүлсэн цагаас хойш монголчууд зуршил болсон жудаггүй үйлдлүүдээсээ бүр мөсөн татгалзсан байна. Тухайлбал, “тагнуулч, худлаа гэрчлэгч, илбэч, хээл хахууль авагч нар цаазлагдах ёстой байв” гэж Н.К.Рерих өөрийн нийтлэлдээ бичсэн байдаг. Энэ бүх баримт бол их хааныг аргагүй “өөрчлөгч” (transformative) төрлийн манлайлагч байсныг л харуулж байгаа юм.

Өөрчлөгч гэх төрлийн манлайлагчийн гол ялгаа нь гэвэл хувийн харьцаа, багийн ажиллагааг хөгжүүлэх, шудрага ба ёс зүйтэй байх, даруу төлөв байх ба тогтмол суралцах зэргийг хөхүүлэн дэмждэгээрээ ялгардаг байна. Ингэснээр тэд:

Франклин Делано Рүзевэлт (1882-1945), америкчуудыг өөрчилж чадсан цөөн ерөнхийлөгчийн нэг

  • Цаг үеэсээ хоцрогдсон,  хуучирч орхигдсон үнэт зүйлсийг шинэчилж, шинэ утга агуулгатай болгож чаддаг төдийгүй шаардлагатай тохиолдолд шинэ үнэт зүйлсийг бий болгодог байна. Жишээлбэл, Жамухайг барьж ирсэн хоёр цэргийг нь цаазалснаар эзэндээ тууштай үнэнч байх гэсэн шинэ үнэт зүйлсийг монголчуудын дунд бий болгосон явдал энэ тохиолдолд хамгийн ихээр тохирох байх.
  • Хуучирсан журам болон сэтгэлгээний хэв маягаас ангижирч, хэрэггүй зүйлд хүч зарцуулдгийг зогсоож чаддаг.
  • Мартагдсан зорилтуудыг шинэ нөхцөл байдалд нийцүүлж, шинэчилж чаддаг байна.
  • Тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ ойлголтуудыг эрэл хайгуул хийх замаар бүрдүүлэх чадвартай байдаг байна.

Дэвид Брэдфорд ба Аллэн Кохэн нар өөрсдийн бичсэн “Хүчдэлийг асаах” гэсэн номондоо трансакшинал ба трансформатив төрлийн манлайлагчдийг засварчин ба автобусны кондуктортой тус тус зүйрлэсэн байдаг. Хэрэв засварчин нь урлах чадвартай байх шаардлагатай бол кондуктор нь хүнтэй ажиллах чадвартай байх шаардлагатай болдог.   

Харин дээрх тайлбараас наймаалцагч төрлийн манлайлагч нь өөрчлөгч төрлийн манлайлагчаас муу гэсэн үг огт үгүй юм. Байгууллагыг удирдаж буй хүн хоёр төрлийн манлайлагчийн аль альных нь  шинжийг агуулсан байвал хавь илүү үр дүнтэй болдог гэдгийг шинжлэх ухаан төдийгүй амьдрал дээр нотлогдсон байдаг. Иймээс үр дүнтэй манлайлахын тулд засварчин ба кондуктор хоёрын хоёулангийнх нь үүргийг гүйцэтгэх чадвартай байх хэрэгтэй байдаг байна.