Манлайлагч ба менежер хоёрын ялгаа – Үргэлжлэл

Манлайлагч нь хүний зуршил болсон үйлдлийг өөрчилж чаддагаараа менежерээс ялгардаг болохыг бид өмнөх постоор товч тайлбарласан. Тэгвэл энэ удаад манлайлагчийг менежерээс ялгах бас нэг чухал ялгааны талаар өгүүлэх юм.

Жон Коттэр

Зурган дээр буй хүнийг John Kotter гэдэг. Kotter нь манлайлагч менежерээс зарчмын хувьд ялгаатай гэдэг байр суурийг дэмждэг эрдэмтэдийн нэг.

Түүний дэвшүүлсэн онолын дагуу манлайлагч хүн бол менежерээс хэд хэдэн зарчмын том ялгаатай гэж үздэг. Kotter-ийн тайлбарлаж буйгаар менежер хүн бол байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой багц асуудлыг шийдвэрлэдэг бол манлайлагч хүн шинэчлэл, өөрчлөлтийг дагуулдаг нэгэн гэдэг. Тухайлбал, менежер хүн байгууллагад эмх цэгцтэй байдлыг тогтоож, байгууллагын зорилгод хүрэхэд шаардагдах үйл ажиллагааг тууштай зохион явуулж, ашигт ажиллагааг бүрдүүлэх зэргийг хийдэг бол манлайлагч хүн бол ердөө байгууллагад хэрэгтэй өөрчлөлтүүдийг л байлдан дагуулдаг байна. Жишээлбэл, өрсөлдөөн нэмэгдэж буй үед бизнесийн байгууллага нь хурдацтай өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох шаардлагатай болж ирэхэд мэдээж манлайлагчийн гүйцэтгэх үүрэг асар чухал юм.

“Та манлайлах туршлагынхаа талаар ярина уу? би Твиттэр дээр 13 дагагчтай болж чадсан”

Алдарт английн биологич Чарлз Дарвин хэлэхдээ: “хамгийн хүчтэй нь амьд үлддэггүй хамгийн ухаантай нь ч шалгардаггүй харин хэн дасан зохицож чадна тэр нь оршино тогнох болно”. Энэ утгаар бол манлайлагч хүн байгууллагад хэрэгтэй байгаа шинэчлэлийг дагуулж чаддаг тул илүү чухал үүрэгтэй юм. Kotter-ийн тайлбарласнаар бол манлайлагч нь дараах гурван үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүгээрээ менежерээс илт ялгардаг. Үүнд:

  • Байгууллагын хөгжлийн чиг баримжааг тогтоож алсын харааг тодорхойлно.
  • Багийн гишүүдийг нэгдсэн ойлголтонд хүргэнэ. Энэ зорилгоор багийн гишүүдийн дунд ойлгуулах, тайлбарлах ажил ихээр хийнэ.
  • Багийн гишүүдийг сэдэлжүүлж, идэвхижүүлэх замаар багийн гишүүдийг зохих чиглэлрүү хөтлөнө.
Advertisements