Манлайлал

Гоо сайхныг хүн хараад л таньдаг ч хэн ч түүнийг тайлбарлаж мэддэггүй.

Одооноос 10 жилийн өмнө манлайлал гэж бичээд Google-ээр хайсан бол 168 сая мэдээлэл олдож байсан гэсэн баримт бий. Харин манлайлагч гэдэг үгийг бичиж хайсан бол 257 сая мэдээлэл гарч ирдэг байж. Гэтэл өнөөдөр манлайлал эсвэл манлайлагч гэж бичиж  Google-ээр хайвал 1.8 тэрбум ба 2.14 тэрбум мэдээлэл тус тус гарч ирнэ. Энэ бол манлайлалын асуудал ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг л харуулж байгаа юм.

Манлайлалын сэдэв нь асар их эрэлт хэрэгцээтэй байгаагийн гол шалтгаан нь ядуурлыг бууруулах, дэлхийн дулаарлыг сааруулах гэх зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлаас эхлээд бизнесийн байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах гээд энгийн өдөр тутмын асуудал хүртэл ямар нэгэн хэлбэрээр манлайлалын асуудалтай холбоотой байдаг. Учир нь эдгээр бүх асуудлын шийдэл нь зайлшгүй манлайлах ур чадвартай холбоотой болж таардаг.

Манлайлалын асуудлыг бүгд ойлгоно бас тодорхой хэмжээнд мэднэ. Гэтэл яг юуг хэлдэг юм бэ гэхээр хариулах хүн бас ховор. Энэ ч аргагүй юм. Өмнө нь дурьдаж байсанчлан ойролоцоогоор 35 мянган манлайлалын тодорхойлолт байдаг байна. Ямар сайндаа л манлайлалыг гоо сайхантай зүйрлэсэн байхав. Гоо сайхныг харахаар хүн болгон таньдаг ч хэн ч түүнийг тайлбарлаж мэддэггүй.

Эцэст нь хэлэхэд манлайлах ур чадварт “харж, ярьж, уншиж эсвэл энэ сэдвээр бичснээр” суралцдаггүй, манлайлах ур чадварыг манлайлж байж л хөгжүүлдэг болно.