Шийдвэр гаргах

Каллаханы түүх буюу сонголтын ач холбогдол

Родын арал

Стивэн Каллахан өөрийн зохион бүтээсэн “Наполеон Солоо” гэх 6.5 метрийн урттай ганц далбайт завиар АНУ-ын Родын Арлын (Нью Инглэнд мужийн) Ньюпорт хотоос эхлээд ганцаараа аялахаар Бермудын аралруу чиглэн, харин тэндээсээ цаашаа Англируу өөрийн найзын хамт анх 1981 онд гарсан аж. Тэр намартаа ганцаараа уралддаг далбайт завийн “Мини Трансат 6.50” уралдаанд оролцохоор шийдэж, Английн Корнволл мужийн Пензанс хотоос Антигуаруу гарсан бол харамсалтай нь завины эвдрэлийн улмаас цаашид уралдаанд оролцох боломжгүй болж Испанийн Ла Корука хотод ирсэн аж.

Английн Корнволл

Каллахан завиныхаа эвдрэлийг засаж, аялалаа цаашид Испани болон Португалийн эргийн дагуу үргэлжлүүлж, эхлээд Португалийн Мадера арал цаашлаад Африкийн баруун эргэд ойролцоо байршилтай Канарын арал хүрсэн гэдэг. Ингээд 1982 оны 1 дүгээр сарын 29-нд Канарын арлын Эль Хиерро хотоос Антигуару чиглэн гарчээ.

Канарын арал

Канарын арлаас гармагц 7 хоног үргэлжилсэн хүчтэй шуургатай таарч шөнө нь үл мэдэгдэх зүйлтэй мөргөлдөж завь нь эвдэрч усаар дүүрч эхэлсэн. Хожим бичсэн номондоо Каллахан халимтай мөргөлдсөн байх гэж таамагласан байдаг. Ямартай ч завь нь хоорондоо үл хамаарсан тасалгаатай бүтээгдсэн байсан тул цөмөрсөн хэсэг нь усаар дүүрсэн ч шууд живээгүй. Гэхдээ л Наполеон Солоо живэх нь тодорхой болсон тул Каллахан зургаан хүний багтаамжтай аврах хийлдэг салруу шилжиж амжиж. Харин завийг живэхээс нь өмнө хагас живсэн завьруугаа хэд хэдэн удаа шумбан орж дэр, аяны хөнжил, анхны тусламжийн сав, бага зэргийн хүнс, газрын зураг, жадаар харавдаг богино буу, бамбар, цэвэр ус гаргах зориулалтын хэрэгслэл, мөн Дугал Робертсоны бичсэн “Далайд хэрхэн амьд үлдэх вэ?” гэсэн гарын авлага гэх зэргийг авч чадсан гэдэг. Ингээд гэгээ орохоос өмнө аврах сал нь аажмаар “Наполеон Солоо”-гоос холдож Өмнөд Экваторын урсгал болон далайн салхийг даган баруун зүгрүү хөвж эхэлсэн гэдэг.

Стивэн Каллахан

Хэт удаан хугацаанд авралгүй байдалд ганцаараа байсны улмаас хүнд стрессэнд орж, улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд орохгүйн тулд өдөр болгон дасгал хийж, салаа засварлаж, хүнсний нөөц бэлдэж цагийг өнгөрүүлэхээр шийдэж. Хамгийн хүнд тэр мөчид Каллахан өөрийгөө ямагт дийлж байхаар шийдсэн гэж номондоо бичсэн байдаг. Түүний хэлснээр: “Би ямарч байсан дуусан дуустлаа тэмцэх болно[1]” гэж өөртөө хатуу шийдсэн гэдэг. Ингээд Каллахан амьд үлдэхийн тулд зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэдгийг ойлгож өдөр болгон загас барьж, ус хуримтлуулж өдөрт нэг аяга цэвэр ус хуримтлуулж эхэлсэн. Энэ нь өдөр тутмын тууштай ажиллагаа болон тэвчээр, хатуужил шаардсан шийдвэр байсан тул түүний хувьд асар хэцүү байсан гэдэг. Харин ийм хатуу шийдэлд хүрээгүй бол тэр амьд үлдэхгүй байсан нь тодорхой байсан.

Мари Галантэ арал

1982 оны 4 дүгээр сарын 20-нд буюу алга болсноос хойш 76 дахь өдөрт Карибийн тэнгисийн Гуадалүпын аралын зүүн өмнөд хэсэгт орших Мари Галантэ арлын ойролцоо түүнийг загасчид олж. Өнөөдрийн байдлаар Каллахан бол далайд ганцаараа 1 сараас илүү хугацаанд амьд үлдэж чадсан цорын ганц хүн.

Энэ түүх юуг харуулж байна вэ гэвэл Стивэн Каллахан амьд үлдэнэ гэсэн туйлын зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий сэтгэлээр шулуудсан шийдвэр гаргасныг тод харуулж байна. Зөвхөн ингэж хатуу шийдснээр Каллахан амьд үлдэж чадсан гэдэг нь тодорхой. Энэ бол мэдээж сонголтын ач холбогдлыг харуулсан туйлын жишээ юм. Хэдий тийм боловч хүн өөрийн бизнесийг өрсөлдөхүйц хэмжээнд авч  явахад хэрэгцээтэй ур чадварыг өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлэхийн тулд Каллаханы жишээнээс бараг ялгаагүй байдлаар хандах хэрэгтэй гэснийг харуулах гэсэн л оролдлого юм.

[1] “I will kick off as long as I can”.

Advertisements