Ерөнхий

Жудаг ба тогтвортой бизнес

Заяа гэдэг эмэгтэй Солонгост 5 гаруй жил ажилласан нэгэн. Ажиллах хугацаандаа компанийхаа эзний итгэлийг бүрэн хүлээж чадсан аж. Харин өнөөдөр Монголдоо иргэж ирээд хувийн компанид ажиллаж байна. Уг компани нь Заяагийн хүчин чармайлтын үр дүнд Солонгост байх хугацаанд түүний ажиллаж байсан компанид бүтээгдэхүүн нийлүүлдэг болсон төдийгүй тэр Солонгос компани нь монголын компанийн гол худалдан авагч нь болсон гэдэг. Монголын компани л болсон хойно эргэлтийн хөрөнгө дутаж заримдаа мөнгөгүйтэнэ. Энэ тохиолдолд монголын компанийн эзэн нь Заяаг биечлэн гүйж, солонгосчуудаас урьдчилж мөнгө зээлэхийг хүсдэг. Солонгосын компанийн хувьд Заяад бүрэн итгэдэг тул мөнгийг ямар нэгэн нарийн гэрээ баталгаагүйгээр зээлнэ. Ингэж хүний итгэлийг хүлээнэ гэдэг нь Заяа өөрийгөө асар өндөр ёс зүйтэй, найдвартай хүн гэдгийг л солонгос эздүүддээ итгүүлж чадсанд л байгаа юм.

Заяатай адил гадны хүний итгэлийг дааж ажиллаж чадсан монголчууд олон байдаг. Тогтвортой бизнесийн үйл ажиллагаа ийм итгэлцэл дээр тулгуурладаг гэдгийг энд дэлгэрүүлэн тайлбарлах хэрэггүй байх. Ямар ч компани өөрийн түнш, хэрэглэгчидтэйгээ ийм л итгэлцэл бүхий харилцаа тогтоож чадвал бизнес тогтвортой төдийгүй өөрийн хэрэглэгчдийн хүрээг буюу хар яриагаар зах зээлээ баттай хамгаалж амжилттай болдог.

Гол асуудал нь яагаад монголчууд маань гадны хүмүүстэй нэр хүндээ бодож, ёс зүйтэй байж ийм сайхан итгэлцэл бүхий харьцаа тогтоож чадаад байгаа мөртлөө хоорондоо болохоор ийм итгэлцэл бүхий харьцаа үүсгэж чадахгүй байгаа нь л хамгийн сонирхолтой. Гэтэл жижиг дунд бизнесийн хувьд ийм итгэтлцэл бүхий харьцааг бизнесийн түнш, хэрэглэгчидтэй үүсгэсэн цагт тухайн аж ахуй тогтвортой болно гэдгийг гадны туршлага харуулаад байгаа.