Бүтээгдэхүүний хөгжил

“Mini” vs. “Запорожец”

Хэрэглэгчийг баярлуулахын учир

Доор зураг нь буй энэ хоёр автомашиныг нэг үед үйлдвэрлэж байсан нь бараг саяхан. Гагцхүү нэгийг нь ЗХУ-д үйлдвэрлэж байсан бол нөгөөхийг нь Англид үйлдвэрлэж байж.

Хэрэв ЗХУ-д үйлдвэрлэсэн “Запорожец” автомашин нь олон тооны онигооны сэдэв болсон бол  Англид үйлдвэрлэж байсан “Мини” гэх загвар нь 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий автомашинаар тодорч автомашин үйлдвэрлэлийн түүхэнд домог болж хувирсан байдаг. Ялгаа нь юунд байсан бэ? гэвэл Оросын “Запорожец” худалдан авсан хүн машинаасаа таашаал авах бус харин худалдан авсны дараа  гутдаг байсан бол нөгөөх нь харин худалдан авсан машинаасаа асар их таашаал авч сэтгэлийн угаас баярладаг байсантай холбоотой юм.

Запорожец

Mini

Энэ товч түүх юуг харуулж байна гэвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ худалдан авагч бүтээгдэхүүнийг худалдан авснаар таашаал авч, сэтгэлийн угаас баярлах (delight) ёстой гэсэн үндсэн зарчмыг умартахаар ийм ялгаатай бүтээгдэхүүн болдог болохыг л харуулж байгаа юм. Таашаал авна гэдэг нь бүтээгдэхүүнийг амжилттай борлуулахын гол үндэслэл юм.

Бид өнөөдөр бизнес эрхлэхдээ хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг худалдаж авснаараа таашал авч баярлах ёстой гэдэг энэ зарчмыг бас л үл ойшоогоод байгаа. Бидний санал болгож буй бүтээгдэхүүн “Запорожец” автомашинаас бараг ялгаагүй гэж зарим тохиолдолд хэлэхэд ч буруутахгүй.

Тухайлбал, “би автомашины дугуй засварлаж сурлаа” гээд дугуй задалдаг төхөөрөмж худалдаж аваад нэг газар засварын цэг байгуулаад дугуй засварлах бизнес эрхэлнэ гэвэл энэ нь хэзээ ч олигтой орлоготой бизнес болохгүй нь тодорхой юм. Зарчим бол зах зээл дээр идэвхитэй ажиллаж байгаа дугуй засварын газруудын хийж чадахгүй байгаа зүйлийг санал болгож байж хэрэглэгчдийн таашаалыг хүлээж, тэдгээрийг баярлуулж чадвал санал болгох бүтээгдэхүүн нь илүү эрэлт хэрэгцээтэй байж, ашигтай ажиллах үндэс бүрэлдэх юм.

Иймээс л “хэрэглэгчдийн хувьд үнэхээр таны юу хийж чаддаг огт чухал бус харин худалдан авсан бүтээгдэхүүн нь түүнд таашаал төрүүлж, баярлуулж чадаж байна уу?” гэдэг нь хамгийн чухал.