Бүтээгдэхүүний хөгжил

Жижиг зах зээл дээр амжилттай өрсөлдөхийн тулд борлуулалтын үндсэн зарчмыг баримтласан байх ёстой. Энэ бол Марк Андерсены анх 2007 онд тодорхойлж бизнесийн хэллэгт баттай нэвтэрсэн “бүтээгдэхүүн зах зээлд захирагдах ёстой” (product-market-fit) гэсэн зарчим юм. Хэрэв борлуулж буй бүтээгдэхүүн монголчууд бидний хэлдэгээр “талх шиг шажигнаад алга болоод байвал” бүтээгдэхүүн зах зээлд захирагдаж байна гэсэн үг. Харин зарагдахгүй агуулахад бүтээгдэхүүний үлдэгдэл овоороод байвал дээрх зарчмыг хангаж чадахгүй байгаагийн илрэл юм.

Зах зээлд захирагдсан бүтээгдэхүүнийг бий болгохын тулд дараах алхмуудыг хийсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Зорилтод хэрэглэгчдийг (target customer) тодорхойлох зорилгоор худалдан авалт хийж болзошгүй хэрэглэгчдийн нийтлэг шинжүүдийг тодорхойлж ингэснээр бүтээгдэхүүнийг хэнд зориулж бүтээж буй нь тодорхой болсон байх шаардлагатай. Ингэж байж л бий болгосон бүтээгдэхүүн нь эрэлт хэрэгцээтэй болж зах зээлд захирагдана гэсэн зарчимд нийцэх үндэслэлтэй болно.
  2. Орхигдуулсан эрэлт хэрэгцээг (underserved customer need) ойлгохын тулд тодорхойлсон зорилтод хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж буй байдлыг авч үзэж тэдгээрийн эрэлт хэрэгцээний аль хэсгийг орхигдуулж буйг илрүүлнэ. Энгийн үгээр бол миний санал болгох бүтээгдэхүүн өрсөлдөгчийнхээс юугаар илүү байж өрсөлдөөнд тэргүүлэх юм гэсэн асуултанд хариулахыг эрмэлзэнэ.
  3. Бүтээгдэхүүний үнэ цэнийн амлалтыг (value proposition) тодорхойлох гэдгийн цаад энгийн утга нь тодорхойлсон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг өрсөлдөчдийн ижил төстэй бүтээгдэхүүнээс илүү байдлаар хэрхэн хангах вэ гэсэн асуултанд хариу өгөх тухайд юм. Энэ зорилгоор бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн ямар эрэлт хэрэгцээг хангахад зориулагдсныг тодорхойлохын зэрэгцээ ямар үзүүлэлтээрээ өрсөлдөгчдөөс илүү байхыг тодорхойлох нь хамгийн чухал юм. Үүнийг бүтээгдэхүүний үнэ цэнийн амлалт гэнэ. Нэг үгээр бол хэрэглэгчдийн хувьд үнэ цэнийг өрсөлдөгчдөөс илүү бий болгож бүтээнэ гэсэн амлалт юм.
  4. Бүтээгдэхүүний амьдрахуйц багц үзүүлэлтүүдийг (minimum viable product features set) тодорхойлохын тулд бүтээгдэхүүн нь ямар “үүрэг” зориулалттай байх, холбогдох үзүүлэлт нь юу байх зэргийг тодорхойлно. Ингэснээр бүтээгдэхүүн нь ямар зориулалттай байвал хэрэглэгч худалдан авах вэ гэсэн асуултанд хариулаад зогсохгүй зориулалтуудын тодорхой жагсаалт гарна.
  5. Бүтээгдэхүүний прототип буюу загвар гаргах шатанд уг загвар нь болзошгүй хэрэглэгчдийн дунд хэр эрэлт хэрэгцээтэй буйг тогтооно. Бий болгосон бүтээгдэхүүнийг завал туршиж байж үйлдвэрлэлд оруулах нь зөв юм.