Шийдвэр гаргахад санаандгүйн цувиралын үзүүлэх нөлөөлөл

Michael Brainard

Зохиолч: Michael Brainard

Яагаад зөв хандлагатай, чадварлаг манлайлагчид буруу шийдвэр гаргадаг вэ? гэж гайхан асуух үе танд тохиолдож байсан уу? Хариулт нь энгийн юм: бид хүмүүний хувьд бидний ухамсарт гүн суусан байгалиас заяасан цувиралд (biases) буюу танин мэдэхүйн алдаанд (цаашид цувирал гэх) гүн автагдсан байдаг. Танин мэдэхүйн цувирал (cognitive bias) нь бидний ухаалаг ба логик сэтгэлгээнээс үл хамааран бидэнд нөлөөлөөд зогсохгүй гаднах орчиноос өдөр бүр бидэнд хэдэн тэрбумаар нөлөөлж буй гадны өдөөгчийг (stimuli) шилж ялгах ба тэдгээрийг үндэслэн шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэдгээрийн дундаас санаандгүйн цувирал (unconscious bias) нь хүн “нийгмийг хэрхэн ангиладаг” болохын нэгэн хэлбэр.  Уг цувиралын нөлөөллийн улмаас бид бусдыг ямар нэгэн ангилалд тогтмол, хурдацтай хувааж ялгаж байдаг. Бидний далд ухаан бидний эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг хурдацтай хүлээн авч боловсруулалт хийдэг бөгөөд үүний үр дүнд ямар мэдээлэл дээр нь төвлөрөх, ямар мэдээлэл дээр тулгуурлан дүгнэлт хийх эсвэл таамаг дэвшүүлэх зэргийг шийддэг төдийгүй бидний сэтгэлийн хөдлөл дээр тулгуурлан ямар хүмүүс нь таалагдах харин ямар нь таалагдахгүй болох зэргийг мэдэрч байдаг байна. Хэдийгээр энэ нь үнэхээр гайхамшигтай үзэгдэл боловч, бидний тархи асар өндөр бүтээмжтэй хурдацтай ажилладаг гэдэг нь нөгөө талаар бид харж байгаа бүх зүйлсийг нямбай хүлээн авч бодитоор дүгнэж чаддаггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бид хэзээ ч өөрсдийн хүрээлэн буй орчныг бодитоор нь харж чаддаггүй байна. Харин бидний танин мэдэхгүйн цувирал нь хүрээлэн буй орчныг ямар хэмжээнд харах боломжтой болгоно тэр хэмжээнд л бид харах бололцоотой байдаг байна.

Санаандгүйн цувирал нь бидний хэрхэн шийдвэр гаргаж буй байдалд нөлөөлдөг, магадгүй түүнээс илүү чухал зүйл бол бидний ямар үйлдэл хийх, юунд итгэх талаар өөрийн мэдэлгүйгээр хамт олны аль эсвэл нийгмийн дундах зөвшилцөлүүдэд хүргэдэг байна. Ялангуяа манлайлах асуудлаар шийдвэр гаргахад энэ байдал нь илүү чухал үр дагавартай болж ирдэг байна. Санаандгүйн цувирал нь шийдвэр гаргахад олон хэлбэрээр нөлөөлдөг. Иймээс ганц нэг бодит жишээг доор дурьдав.

1.      Сонгон шалгаруулалт ба ажилд авах

Англи хэлэнд “нэг өдийн шувууд хамтдаа сүрэглэнэ” гэсэн хэлц үг байдаг. Энэ хэлц үг нь зүгээр нэг үг бас биш юм.  Бид өөрсдөө ижил төстэй хүмүүсрүү байгалиас заяасан зөн совингоороо илүү тэмүүлдэг. Бидний санаандгүйн цувирал нь ижил төстэй зүйлийг илүү таалдаг болохыг “тохирч байна” гэсэн үгээр илүү илэрхийлэгдэнэ. Ажилд сонгон шалгаруулах явцад “таарсан / тохирсон” гэдэг үгийг сонсвол “шалгарсан хүн нь хэнтэй илүү тохирч таарах вэ? сонгон шалгаруулах шийдвэрийг хэн гаргасан бэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуух нь чухал юм.

  1. Гүйцэтгэлийн үнэлгээ

Менежерүүдийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээ хийх, чадварлаг хүмүүсийг удирдах зэрэг нь бидний санаандгүйн цувиралд ихээхэн автагдсан байдаг. Бусдад зааварчилгаа, зөвлөгөө өгөх, сургах үед, өөрт чинь ойлгогдохгүй хариулт өгч байгаа хүнтэй харьцахыг бодвол өөртөө ижил төстэй хүнтэй харьцах нь илүү амар байдаг. Үүнийг бүлгийн доторхи болон бүлгийн гаднах үзэгдэл гэж тайлбарладаг. Гүйцэтгэлийн үнэлгээ нь ихэвчилэн бодит гүйцэтгэлийн үнэлгээний шалгуураар биш харин үнэлгээ хийж буй хүний танин мэдэхүйн цувирлаас ихээхэн шалтгаалдаг байна.

  1. Тушаал дэвшүүлэх болон залгамж халааны төлөвлөгөө

Fortune сэтгүүлийн шалгаруулдаг шилдэг 500 гүйцэтгэх захирлуудын одоогийн шалгаруулалтыг харахад тушаал дэвшүүлэх болон залгамж халааны төлөвлөлгөө хийхэд танин мэдэхүйн санаандгүйн цувиралын нөлөө ямар их байдаг нь илэрхий харагддаг. Жишээлбэл:

  • Шилдэг гүйцэтгэх захирлуудын 58% нь 1.82 метр буюу түүнээс дээш өндөр байна гэж байхад АНУ-ын эрэгтэйчүүдийн ердөө 14.5% нь 1.82 метрээс өндөр байдаг,
  • Шилдэг гүйцэтгэх захирлуудын зөвхөн 6% нь эмэгтэйчүүд байдаг бол АНУ нийт ажиллах хүчний 57%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг байна,
  • Шилдэг гүйцэтгэх захирлуудын 1-ээс бага хувь нь хар арьстан байдаг ба  хар арьстай эмэгтэй захирал нэг ч байдаггүй.

Өндөр нуруутай, цагаан арьстан эрэгтэй нь эмэгтэйчүүд буюу өнгөт арьстануудаас манлайлах ур чадвараараа илүү гэвэл бид үнэхээр итгэх үү? Эсвэл энэ өндөр нуруутай, цагаан арьстан эрэгтэйчүүд гээд байгаа хэсэг хүмүүс нь бидний манлайлагч хүн нь ямар байх ёстой талаархи бидний ойлголттой нийцэж байна гэж үү?

4.Инноваци

Санаандгүйн цувирал (unconscious bias)  нь шинийг санаачлахын гол дайсан байдаг. Учир нь санаандгүйн цувирал нь хамгийн хялбар ба хурдан шийдлүүдийг сонгоход хүргэдэг тул бүтээлч ба шинэлэг санаанууд үүний үр дүнд золиослогдож байдаг. Бид өөрт байгаа мэдлэгийг шинэ таньж мэдэхгүй байгаа зүйлстэй хослуулахын оронд санаандгүйн цувиралын нөлөөллийн улмаас өмнө нь байсан эсвэл хамгийн хялбараар гаргаж болох шийдлүүдийг хайдаг. Гэтэл уг чанартаа бол тэрхүү хослуулан нийцүүлэх чадвараас нь шинэлэг ба цогц шийдлүүд улбаалдаг байна.

5. Гүйцэтгэл сайтай багуудыг бүрдүүлэх

Бидний баг бүрдүүлэх үйл явц нь санаандгүйн цувиралын нөлөөлөлд байдаг бол ингэхдээ бидний мэдлэг, хамгийн сайн таниж мэдэх зүйлс, мөн бидний хүсч буй үр дагаварт хүргэнэ гэсэн итгэл дээр тулгуурладаг байна. Энэ нь багийг ихэвчилэн энгийн үйл явцын дагуу бүрдүүлэхэд хүргэдэг байна. Тухайлбал:

  • Багийг бүрдүүлэхдээ өнгөрсөн хугацаанд бидэнд тусалсан хүмүүсийг олж авах нь илүүтэй байдаг;
  • Багийн үйл ажиллагааны олон чиглэлийг бодолцохын оронд гишүүдийн хувийн шинж чанаруудыг бид илүүтэй авч үздэг.

Багийг бүрдүүлэхдээ бидний дундаас хэд нь багийн гишүүдийн хувийн шинж чанар болон гишүүдийн хоорондын харилцааг үндэслэн бүрэлдүүлдэг вэ? Манлайлагчдын ихэнхи нь инноваци ба бүтээмжийг дагуулдаг динамик болон олон талт орчинг сонгохын оронд өөрийн ая тухтай байдлыг сонгодог байна.   

Санаандгүйн цувирал нь зөвхөн олонхид нөлөөтэй зүйл биш юм. Энэ нь бид бүхний дотор оршин байдаг биологийн үндсэн чанар юм. Тэгэхээр, бид санаандгүйн цувиралын нөлөөллийг хэрхэн багасгах вэ?

1.Төлөв, даруу байдал

Хүний тархи бол гайхамшигтай бэлэг, гэвч амжилт, эрх мэдэл эзэмшилийнхээ нөлөөллөөр, бид өөртөө хэтэрхий итгэн, даруу зан байдлаас хөндийрөн холддог. Манлайлагчийн хувьд бид санаандгүйн цувирлаас ангид байх зорилгоор даруу байх ба хувь хүн болон хамт олны түвшинд бидний гаргаж байгаа шийдвэрүүд нь бидний танин мэдэхүйн алдааны нөлөөлөлд автдаг болохыг хүлээн зөвшөөрөх ёстой.

2.Сахилга бат

Санаандгүйн цувирал нь таталцлын хүчтэй адил: Энэ нь хүчирхэг, үл үзэгдэх зүйл юм. Удирдагчид бид хувь хүн, хамт олны түвшинд сахилга батыг хэрэгжүүлэх ёстой. Бид мэдээлэл боловсруулах арга зам, шинэлэг санаачлага болон түүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сахилга баттай шийдвэр гаргах аргуудыг нэгтгэх, жендэрт суурилсан цалингийн зөрүү болон урамшуулал гэх мэт асуудлуудыг хамтын тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэхийг эрхэмлэж байх учиртай.

Санаандгүйн цувирал нь бидний ухамсраас үл хамааран оршдог ч, манлайлагч хүн өөрийн ажлын байран дээр тэдгээрийн нөлөөллийг ухамсарлаж, хяналтандаа байлгаж, нөлөөллийг багасгах үр дүнтэй аргуудыг хайж олох ёстой юм.

Хэрэв бид танин мэдэхүйн цувирлууд бидний өдөр тутмын шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг ойлгон, эдгээр цувирлаас болгоомжлон даруу ба сахилга баттай байваас, бид ухамсар, мэдлэг, сахилга бат бүхий сэтгэлгээ ба холбогдох соёлыг бий болгож чадна.