Бясалгал тархийг үнэхээр өөрчилж чадна

Зохиогчид: Christina Congleton, Britta K. Hölzel ба Sara W. Lazar 

Christina Congleton,Axon Coach компанийн манлайлалын зөвлөх

Бизнесийн ертөнц аливаа асуудлыг бүрэн дүүрэн мэдэж анхааралдаа байлгахыг ихээд шаарддаг. Гэхдээ энэ мэдэгдлийг хатуу олж тогтоосон шинжлэх ухааны ололтуудаар баталгаажуулсан байдаг талаар та харин дуулж байгаагүй л болов уу? Тэгвэл сүүлийн үед хийсэн эрдэм шинжилгээний судалгаанууд дүгнэлт хийлгүйгээр одоо цагийг мэдрэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн шинжих ба тогтоох бясалгал хийх нь хүний тархийг өөрчилж чаддаг болохыг нотлоод байгаа юм. Ийм үр дүнтэй байгаа учраас л өнөөгийн адармаатай бизнесийн орчинд ажиллаж байгаа хүн болгон тэр дундаа манлайлагч болгон энэ талаар заавал мэдэж байх хэрэгтэй юм.

Britta K. Hölzel, MRI судлаач

2011 онд 8 долоо хоногийн бясалгалын хөтөлбөрийг дүүргэсэн хүмүүсийг хамруулсан судалгаа хийж энэ чиглэлийн судалгаанд бид бас өөрсдийн хувь нэмэрээ оруулсан юм. Тархины саарал эс их хэмжээгээр нэмэгдсэн болохыг бид уг судалгаагаар олж тогтоосон. Тэр цагаас хойш аливаа асуудлыг бүрэн дүүрэн мэдэж анхааралдаа байлгахын үндсэн аргын нэг болох бясалгал нь хүний тархийг хэрхэн өөрчилдөг болохыг дэлхийн нейросайнсийн лабораторууд судалж эхэлсэн юм. Энэ жил British Columbia Их сургууль болон Chemnitz University of Technology их сургуулийн эрдэмтэдээс бүрдсэн баг нь бясалгал хүний тархны яг аль хэсгийг ихэвчлэн өөрчлдөг болох талаар хийсэн 20 гаруй судалгааны үр дүнг нэгтэж чадсан юм. Эдгээр судалгааны өгөгдөхүүний үндсэн дээр хийсэн дүгнэлтийн дагуу бясалгал хийх нь хүний тархины наад зах нь 8 хэсгийг өөрчилдөг болохыг нотолсон байдаг. Харин бидний төсөөлж буйгаар эдгээрийн 2 нь бизнес эрхлэгчдийн хувьд илүү ач холбогдолтой байж болох бол энэ хэсгийн өөрчлөлтийн талаар энэ нийтлэлд авч хэлэлцэх юм.

Sara W. Lazar, Massachusetts-ийн эмнэлэгийн судлаач эрдэмтэн

Эхний хэсэг нь тархины урд бүсийн кортексийн (anterior cingulate cortex буюу ACC гэх) хэсэг юм. ACC гэж духны арын хэсэгт буюу их тархны урд хэсгийн ар талд гүн далдлагдсан байршилтай бүтцийг хэлдэг. АСС нь хүний өөрийгөө удирдах чадвартай холбоотой байдаг тул санаатайгаар анхаарал ба үйлдлийг төвлөрүүлж чиглүүлэх, санамсаргүй байдлаар хийх сөрөг үйлдлүүдийг дарангуйлан болон бодлуудыг шилжүүлэх гэх зэрэг чадварыг хариуцаж байдаг юм. Тухайлбал, АСС нь гэмтсэн хүмүүс гэнэт уурлаж уцаарлах, хяналтгүй түрэмгий зан гаргадаг болчихдог байна. Ийм гэмтэлтэй хүмүүсийн оюуны уян хатан байдлыг шалгасан тестүүдийн дүн нь ямагт тааруу байдаг байна. Энэ нь тухайлбал өөрсдийн үйлдлийг нөхцөл байдалтай зохицуулж чаддаггүй мөн асуудал шийдвэрлэх чадвар нь доройтсон байдлаар илэрхийлэгдэж байдаг. Харин бясалгал хийдэг хүмүүсийн хувьд өөрсдийгөө хянах чадварыг үнэлэх тестийн дүн нь хавь илүү байдаг. Анхаарал саринах болон зөв шийдвэр гаргах гэх зэрэг үзүүлэлт нь бясалгал хийдэггүй хүмүүсээс хавь илүү байдаг. Үүнээс гадна бясалгал хийдэг хүмүүсийн АСС орчны үйл ажиллагаа нь бясалгал хийдэггүй хүмүсээс илүү байдаг нь бас тогтоогдсон юм. Өөрсдийгөө хянах үзүүлэлтээс гадна АСС нь өнгөрсөн туршлагаас суралцаж илүү чанартай шийдвэр гаргахтай холбогдож байдаг. Эрдэмтэдийн хэлж байгаагаар АСС-н идэвхитэй үйл ажиллагаа нь тодорхой бус байдал болон хурдацтай өөрчлөгдөж буй орчинтой тулгарахад чухал байдаг гэдэг.

Бидний тодотгох гэсэн тархины хоёрдахь хэсэг нь хиппокампус юм. 2011 онд бясалгалын хөтөлбөрт оролцсон хүмүүсийн тархины энэ хэсгийн саарал эс нь их хэмжээгээр нэмэгдсэн байсан. Далайн морь шиг хэлбэртэй тархины энэ хэсэг нь хүний хоёр чамархайны ясны ар талд далдлагдсан байдаг. Хиппокампус нь хүний уураг тархины лимбик системийн салашгүй нэг хэсэг бөгөөд сэтгэл хөдлөл ба ой санамжтай ихээхэн холбоотой байдаг. Хиппокампус нь кортизол гэх стрессийн хормоныг хүлээж авах олон ресепторуудаар бүрхэгдсэн байдаг байна. Харин хүн стресст байнга автагдах юм бол тархины энэ хэсэг нь гэмтдэг болохыг судалгаагаар олж тоогтоосон билээ. Тухайлбал, гэмтэлийн дараах стрессийн согог (PTSD – post traumatic stress disorder), гүн сэтгэл гутрал зэрэгт өртсөн хүмүүсийн хиппокампусын хэмжээ нь огцом багассан байх жишээтэй. Энэ бүгд юуг харуулж байгаа вэ гэвэл тархны энэ хэсэг нь хүнийг сэтгэлийн хаттай байхад ямар их нөлөөтэй болохыг л харуулж байгаа юм. Гэтэл сэтгэлийн хаттай байх нь өнөөгийн бизнесийн орчинд хамгийн ихээр шаардагдаж буй чадамж юм.

Эдгээр судалгаагаар олж тогтоосон ололтууд ердөө эхлэл юм. Нейросайнсийн чиглэлийн судалгаанууд бясалгал хийх нь тусган авах чадвар, өөрийгөө мэдэх, өвдөлтийг тэсвэрлэх, сэтгэл хөдлөлийг удирдах, өөрийн сэтгэл хөдлөлийг хянах чадвар, хийсвэр зүйлийг төсөөлөн бодох ба өөрийгөө мэдрэх зэрэг үйлдлийг хянадаг тархины хэсэгт эергээр нөлөөлдөг болохыг нотлоод байгаа. Хэдийгээр эдгээр ололтуудыг тэр дундаа хүний тархинд гарч байгаа өөрчлөлтүүд цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж буйг бас баримтжуулах шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр судалгаануудыг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа ч одоогоор гараад байгаа ололтууд нь маргашгүй юм.

Иймээс бясалгал хийх нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд “байвал давуу тал” бус харин “заавал байх ёстой” зүйл болох юм. Учир нь бясалгал хийснээр бид уураг тархийг эрүүл байлгаж, өөрсдийн үйлдлийг хянаж чанартай шийдвэр гаргаж чаддаг байх төдийгүй орчны стрессийн хортой нөлөөллөөс ч өөрсдийгөө хамгаалж чадах юм. Иймээс бясалгалыг оюун санааг дадлагжуулах хувь хүний сүсгийн зориулалтаар аль эсвэл дээд шатны удирдлагын хүмүүсийн дунд сургалт хэлбэрээр нэвтрүүлж дадал болгох хэрэгтэй юм.

Advertisements