Гэрэлт Хүлэмжийн Кэйс

Үйл ажиллагааны зардал танах тухай

Гэрэлт Хүлэмж нь гурван төрлийн навчит ногоо тарьж нийслэлийн томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь тодорхой, тогтсон худалдан авагчтай гарааныхаа хүнд үеийг давж чадсан төдийгүй бизнесийн загвараа олж, тогтвортой хөгжих үе шатруугаа ороод ирсэн аж ахуй юм.

Тус аж ахуйн эзэнг Энхтайван гэдэг. Бид түүний аж ахуйтай танилцахад нэг л асуулт биднээс асуусан: “яаж зардлаа буруулах вэ?”

Зардал буруулна гэхээр ихэнх хүмүүс бодохдоо ажилчдын орон тоог цөөлж, ажлын ачааллыг үлдсэн хүмүүст хувааж ачааллыг нэмэгдүүлэх эсвэл түүхий эдийн орцыг буруулах гэх зэргийн л юм боддог. Сүүн дээр ус нэмэх эсвэл бетон зуурмагийн цементийн агуулгыг буруулах маягаар зардал хэмнэхийг монголчууд бид сайн мэднэ. Харин ийм маягаар зардал буруулах нь нэг бол бүтээмж доройтоно аль эсвэл бүтээгдэхүүний чанар мууддаг. Алсуураа бизнесийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Энэ бол мэдээж зөв шийдэл бол биш юм. Тэртэй тэргүй ажлын ачаалал ихтэй байхад орон тоо цөөлөх хэрэгтэй гэх мэтийн юм ярьвал урдаас “бид чинь ажлаа хийгээд хийгээд бардаггүй ш дээ” л гэж хариулна.

Зөв шийдэл нь юунд байдаг вэ гэвэл ажлыг зохион байгуулж буй явцыг оновчлоход л байна. Үүнийг менежментийн онолд хэмнэлттэй үйлдвэрлэл (lean production) гэдэг. Үүний цаад утга нь нэг ажлыг хийх явцад үр бүтээлгүй олон давтагдаж буй үйлдэлийг танах л тухайд юм. Ингэсэн цагт л зардлыг доривтой буулгаж болдог.

Гэрэлт Хүлэмжийн үйл ажиллагаатай өнгөцхөн танилцахад гурван зүйл илт ажиглагдсан. Нэгдүгээрт, ажил хийхэд ашиглаж буй багж зэвсэг нь эмх цэгцгүй байсан. Энэ талаар эзэнтэй нь ярьхад “нээрээ л багажаа хайгаад л алга болчихдог ш дээ” гэж хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт, хураасан ногоог угааж савлах үйл ажиллагаа нь оновчтой бус байх нь тодорхой байсан. Ногоо угааж савлах ажлыг 5 хүн бараг 5 цагийн турш хийдэг гэж тайлбарласан.  Ногоо угааж цэвэрлээд савлаж шошго наах ажлыг жижиг сандал тавьж явган ширээ тойрч сууж байгаад хийдэг юм байна. Чимхлүүр төвөгтэй ажил болох нь тодорхой. Савалсаны дараа хаягдал навч, шошгоны үлдэгдэл цаас гээд багагүй хог гардаг байна. Энэ бүгдийг эргээд түүж цэвэрлэх хэрэгтэй болдог. Эцэст нь ургац хураасны дараа хөрсөнд шинэ ялзмаг  нэмж ногоо  тарихгүй бол хөрс нь огт шимгүй болдог байна. Энэ зорилгоор гаднаас ялзмаг худалдаж авдаг гэж тайлбарласан.

Ингээд харилцан ярилцаж үзээд дараахи гурван зүйлийг зөвлөсөн юм. Үүнд:

  • Хүлэмжийн үүдэнд бүх багажийг хурааж байршуулах том самбар тогтоох. Ажилчид ажлаа хийж дуусаад бүх багаж зэвсгийг тэр самбар дээр байршуулж байхыг шаардахаар болов. Ингэснээр багжаа хайж явдаг бүтээлгүй цаг хэмнэгдэх юм.
  • Хоёрдугаарт, ногоо савлах зориулалтын том бандан хийхээр болов. Ингэснээр нэг ажлыг хийх зорилгоор олон үйлдлийг танах бололцоотой болох юм. Хураасан ногоог хэд хэдэн сагсанд хийж савлагаа хийх газар авчирч бага багаар бандан дээр гаргана. Савлах ажилбаруудыг ангилан ажилчидад хувааж дамжлага маягаар хийхээр болов. Муудсан навчийг ялгах хүн нь хаягдал навчийг хуучин шиг газар хаях бус харин шууд нэг саванд бандангаас унагааж хийх тул дахин хог түүх ажил гарахааргүй болов. Дээрээс нь шошгоноос үлддэг байсан цаасны хаягдлыг ч хуучин шиг газар хаях бус харин шууд хогийн саванд хийх болсон тул дахин эргэж хаясан хогоо түүх ажил байхгүй болов. Ажлыг ийм маягаар зохион байгуулсаны үр дүнд 5 цаг савалдаг ажлыг наад зах нь 4 цаг болгох гэж зорихоор болов.
  • Гуравдугаарт, хаягдал навчийг ашиглах талаар ярилцаж чийгийн улаан хорхой үржүүлж болох юм гэж ярилцлаа. Харин үүнийг төсөл хэлбэрээр ирээдүйд хийх нь зөв юм гэж ярилцлаа.

Энхтайван маань ямартай ч эхний хоёр зөвлөмжийг шийдэж үзээд ямар үр дүн гарахыг эргээд мэдэгдье гэж тохиров.