Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн эрх чөлөө, ардчилалын нэрийн дор бий болсон эмх замбараагүй байдлыг ашиглан монголчууд бидний нэг хэсэг нь улс орноо хүнд хэцүү юм болгонруу л түлхэн унагааж ирлээ. Бидний зарим нь мөнгө олж тансаг амьдрах гэсэн зорилгоор бол нөгөө хэсэг нь зөвхөн амьжиргаагаа залгуулахын тулд хууль бус үйлдлүүдийг хийж ирсэн. Энэ нь нийгэмд газар авч хавтгайрах болсон.

Мөнгөтэй болохын тулд шат шатандаа хулгай хийх, төрийн мэдлийн хөрөнгө шамшигдуулах, хээл хахиульд өртөх, байгаль орчноо сүйтгэх, тэр бүү хэл булш хэрэгсүүрүүдийг ухаж олсон эртний эдлэлийг дамлан зарах гээд сэтгэл эмзэглүүлсэн үйлдлийг хүртэл хийж байна. Энэ бүгд нь хүмүүсийн дунд бухимдал ихээр төрүүлж хүмүүсийн нэг нэгэндээ итгэх итгэлийг үгүй болгож үүний улмаас нийгэмд сөрөг хандлагыг бий болгосон. Харамсалтай нь энэ нь эргээд нийгмийн хөгжлийг боймлоход хүргэж байгаа нь хамгийн ноцтой юм.

Итгэл устах үед хүн болгон дор дороо өөрийгөө л болгоох гэж хичээсэн ч хамтын итгэл байгаагүй цагт нийгэм байхын утга агуулга нь алдагдаж хөгжил нь саарч тэр бүү хэл эмх цэгцгүй байдал үүсэх цус асгарах мөргөлдөөн хүртэл үүсдэг аюул ч нүүрэлдэг болохыг бусад улс орны түүхээс харж болно.

Монголчууд бид хэзээ ялж эхэлсэн бэ гэвэл бид нэг нэгэндээ итгэж эхэлснээр л ялсан. Энэ сургамжтай түүхийг харамсалтай нь бүүр таг мартсан юм.

Эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ итгэж хүндэтгэлтэй хандаж сурах нь өнөөгийн нөхцөлд монголчууд бидний хувьд бараг хийх боломгүй зүйл болчихсон байгаа. Энэ урьхнаас нэг нэгийгээ шүүмжилж үзэн ядснаар гарахгүй нь тодорхой. Өнөөдөр бидэнд өөр сэтгэлгээ, нэг нэгэндээ итгэх итгэл, эерэг хандлага зэрэг тулгуурласан шинэ соёл агаар мэт хэрэгтэй байгаа юм.

Нэг нэгэндээ итгэж хүндэтгэж сурна гэдэг бол өнөөгийн нөхцөлд монголчууд бидний хувьд шинэ үнэт зүйлсийг бий болгохтой адил юм. Энэ нь цаад утгаараа бол шинэ соёл хөгжүүлнэ гэсэн үг юм юм. Мэдлэг боловсрол олж авах, ёс зүйтэй амьдрах нь сайхан хэрэг гэдгийг бидний ухамсарт төлөвшүүлж байж бид живж буй намагнаасаа гарах юм.

Харин нийгэмд шинэ соёл бий болгоход хувийн хэвшлийн оролцоо хамгийн өндөр байна гэж үздэг тул хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн мэдээлэл бүхий вэбсайт байх хэрэгтэй гэж үзсэн болно.

Уг вэбсайт нь хувийн хэвшлийн хөгжилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болох мэргэжлийн ба менежментийн чиглэлийн мэдээллийг үнэ төлбөргүй нийтэд түгээх, холбогдох онолын ойлголтуудыг дэлгэрүүлэх төдийгүй уг вэбсайт нь эдгээр асуудлыг өргөнөөр хэлэлцүүлэх боломжийг олгох, бизнес эрхлэгч ба сонирхогчид хоорондоо туршлага хуваалцах, бусдаас суралцах боломжийг олгох зориулалттай олон нийтэд нээлттэй эх үүсвэр болох юм.

Вэбсайтын мэдээлэл нь менежментийн арга барилд суралцахад тустай, уншихад сонирхолтой байхаас гадна нарийн мэргэжлийн байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Мэдээлэл нь бизнес эрхлэгчид, менежерууд, оюутнууд болон менежментийн асуудлыг сонирхдог хүн бүрт зориулсан болно.

“Мэдлэг ухаан бусдаас эхтэй мэргэн ухаан өөрөөс эхтэй” гэдэг. Бид уг вэбсайтад бусдаас суралцаж болох мэдлэгийг агуулах бол харин та өөрөө тууштай манай гишүүн байж тогтмол суралцаж мэргэн ухаанаа гаргаарай. Ингэснээр та эерэг хандлага бий болгох үйлст өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулж байгаа юм.

 

Таны ажил үйлс өөдрөг байх болтугай!

 

 

 

Advertisements